ЮНЕСКО-гоос хоёр дахь удаагаа зохион байгуулсан “The 2nd IUCDC” буюу Олон улсын нэгдсэн, олон төрөлтөөр явуулдаг бүжгийн цахим уралдаанд Завхан аймгийн залуу бүжигчид болон Монголын балетын үндэсний сургуулийн суралцагчид өндөр амжилт үзүүлжээ. Олон ардын бүжгээр өрсөлдсөн, Завхан аймаг дахь “Амка данс” бүжгийн сургалтын төвийн суралцагч Б.Алтжин, С.Номин нар “Урианхай биелгээ”-гээр алтан медаль хүртэж, “Шилдэг үзүүлбэр”-ийн I байрт шалгарчээ. Бүжигчин, багш Э.Амаржаргал “Бугуйт биелгээ” бүжгээр мөн алтан медаль авч, “Шилдэг үзүүлбэр”-ийн II байрын шагнал хүртсэн байна. Бассурагч Р.Наранцэнгэл “Үлэмж гоо” бүжгээр алтан медаль зүүж, “Шилдэг үзүүлбэр”-ийн III байрын эзэн болжээ. Багш Э.Амаржаргал өмнө нэр дурдсан гурван шавиа бэлтгэж, уралдаанд оролцуулсан бөгөөд өөрөө хоёр дахиа өрсөлдөөд ийнхүү амжилт гаргажээ. Сонгодог балетын төрөлд оролцсон, Монголын балетын үндэсний сургуулийн Ч.Ганчимэг багштай баг “Аннен полька” бүжгээр өсвөр насныхны А ангилалд алтан медалийн эзэн болсон аж. Түүнчлэн А.Лхагватуяа багштай баг “Пахита” бүжгээр бага насны ангилалд алтан медалиар шагнуулсан байна. Гоцлол төрөлд Х.Тэгшжаргал бага насныхны ангилалд мөнгө, Г.София өсвөр насныхны А ангилалд тусгай байр эзэлжээ. Уралдааны шилдэг багш нарын нэгээр бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, доктор М.Мөнгөнцэцэг тодров.
Энэхүү уралдааныг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 18- наас эхлүүлсэн бөгөөд 11 сарын турш үргэлжлүүлэн дүнг нь гаргажээ. Харин шагналтнуудын медаль, өргөмжлөлийг улиран одсон оны сүүлчийн өдөрт багтааж эздэд нь цахимаар илгээсэн байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Япон, БНХАУ-ын хүсэлтээр уг уралдааны үргэлжлэх хугацааг хойшлуулсаар ирсэн гэнэ. Шагналтнуудын өргөмжлөлд 63 шүүгч гарын үсэг зурснаараа онцлогтой аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа