Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29 бол Монголын тусгаар тогтнолын өдөр билээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 23- нд УИХ-ын шийдвэрээр эл өдрийг үндэсний баяр болгосон. Монголчууд бид энэ өдөр албан ёсоор амардаг ч утга учрыг нь сайн мэддэггүй. Тиймээс монгол үндэстний хувьд амин чухал түүхэн өдрийн талаар товч тайлбар хүргэхийг хичээе.
Манай монгол үндэстэн баялаг түүхтэй ард түмэн. Эзэн Чингис хааны байгуулсан Их Монголын эзэнт гүрний үед дэлхийн талыг эзэлж, XIII-XIV зуунд дэлхий монголоор ярьж байсан гэдэг. Улмаар эзэнт гүрэн задарч, олон жижиг улсад хуваагдсан. Бүр монголчуудад эзлэгдэж байсан улсууд биднийг захирч явсан үе бий. 1636 онд Өмнөд Монгол Манжийн төрд дагаар орсонтүүхтэй. 1691 онд Халх Монгол Манжийн төрд мөн л дагаар орлоо. 1756 онд Зүүн гар буюу ойрадууд манжуудад хүчээр эзлэгдэв. Хэдийгээр Манж Чингийн төрөөс монголчуудын талаар эевэргүү бодлого баримталж, хүн амаа Монголын газар нутагт орж, суурьшихыг хязгаарлан, монгол эхнэр авахыг хориглосон ч туурга тусгаар, бие даасан улсын шинжээ бүрэн алдаж байлаа. Монголын нүүдэлчин ахуй хэвээр хадгалагдаж, засаг ноёноор Алтан ургийн тайж нар үе улиран ор сууж байсан. Гэсэн ч Монголын ноёд улс төрийн ямар ч эрх мэдэлгүй болж, Бээжингээс тэдний бүхий л үйл ажиллагааг хянаж, эрхдээбайлгана. Бүх ноён Бээжингийн Засгийн ордноос дээд тал нь жил бүр 2000 лан мөнгө, 25 толгой торго авч, ханы цол хүртэх, эрэмбэ дэвших нь Манжийн хаанаас хамаарч байв.
XIX зууны сүүлчийн хагаст Манж Чингийн төр Монголын талаар баримталж ирсэн бодлогодоо өөрчлөлт оруулжээ. Ингээд Оростой хил залгаа бүс нутагт буй монгол харуулуудыг хятадуудаарсолих болов. Зарлигаар тогтоосон Гадаад Монголын Төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт заасан “Хаалганы дотор суусан хошууны хүн иргэд хаалга гарч, монгол газарт тариа хагалж болохгүй”, “Хятад иргэд монгол эхнэр авч болохгүй” гэсэн хоригуудаа авч, төрийн бодлогоор хятад иргэдийг Монголын нутагт суурьшуулах болов. Ийм бодлого агуу түүхтэй монгол үндэстэнд бүрмөсөн устах аюул дагууллаа. Үүнийг мэдсэн монгол ноёд, хутагт хувилгаад Богд гэгээнтэнд даншиг хуруулах үеэр нууцхан уулзаж, зөвлөлдөх болов.
Бурхны шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт 1874 онд таван настайдаа аав, ээж, ах, дүү долуул Монголын нутагт хөл тавьснаас хойш бүхий л амьдралаа Монголд зориулав. Тэрбээр номтой болж, гавжийн дамжаа барив. Бусдын гар хөл болохгүй, өөрийн гэсэн толгойтой болжээ. Түүний адисгүйгээр Хүрээнд цугласан ноёд тарахгүй болтол нэр хүнд, алдар цуу нь өслөө. 1900 онд Богд гэгээнтэн Эрдэнэ шанзав Бадамдорж, зайсан Цэрэн-Осор нарыг Оросын эзэн хаант гүрнээс мөнгө зээлэх нэрээр нууцаар тусламж гуйхаар илгээв. Орос улсын Засгийн газраас Хүрээний тэргүүн Богдод зээл олгохоор шийдвэрлэсэн мөнгийг гэгээнтэн аваагүй нь зорилго өөр байсныг илтгэнэ. Энэ тухай Дилав хутагтын дуртгалд тодорхой тэмдэглэсэн буй. Улиастайд Манжийн эсрэг монгол цэргийн бослого гарч, зарим нь цаазлуулав. Манжийн эрх баригчдын үл ойшоосон байдал, хятад түшмэл, худалдаачдын дарангуйлал монголчуудыг тэсэх аргагүйд хүргэж, хүсэл тэмүүллийг нь оргилуулж байлаа.
Оросууд Монголыг Ази руу хандах түлхүүр хэмээн харж, “Хятад, Оросын хооронд Монголыг хуваах нь бидний зорилго бус бөгөөд харин бидний зүгээс Хятадаас тусгаарлах шинэ алхам болох юм” гэжүзэж байв. Япончууд бас Монголыг орхихгүй, эрэл хайгуулчдаа илгээж байлаа. Энэ тухай 1908 оны зун хятадуудын эрхлэн гаргасан “Монгол” сонин (Menghuabao) эхний дугаартаа л Япон, Орос хоёр Монголыг “бар олзоо харж байгаа” маягаар харж байна хэмээн бичжээ. Удалгүй оросуудын эрхэлсэн “Монголын сонин бичиг” (Mongol news) 1909 оны хавар Харбинд гарч, Хүрээнд нууцаар түгээж эхлэв. Бээжинд сууж байсан Оросын элчин И.Я.Коростовец Харбинд Сибирийн төмөр замын нийгэмлэгийн хүндэт дарга болж, монголчуудтай уулзаж байлаа.
ХХ зууны эхээр өрнөсөн Монголын үндэсний тэмцлийн гол учир нь “Орос, Манж хоёр харьяат монголчуудтайгаа удаан тэвчээртэй харьцаж байсан нь өөрчлөгдсөнийх” хэмээн Америкийн эрдэмтэн Р.Рупен тэмдэглэсэн ньбий. Хятад тариачид Цагаан хэрмээс хойш Өвөр Монгол руу нүүж эхэлснийг “говь цөл рүү мөлхөж буй могой адил” хэмээн Хүк зүйрлэсэн байдаг.
Орос болон гадаадын зарим сурвалж ХХ зууны эхээр “Халхын хан, ван ноёд улс төрийн болон бусад чухал асуудлаар Хутагтыг хүрээлж байна. Хутагтын бодол санаа, үг бол ариун юм” хэмээн Богд гэгээнтний нэр хүнд өсөж, үндэсний тэмцэлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж эхэлснийг тэмдэглэсэн буй. Оросууд монголчуудын шашин шүтлэг болох бурхны сургаалаар нь дамжуулан нөлөөлөх явдлыг тэргүүн зэрэгт үзэж байсан. Мөн угсаа залгамжилсан, олны дунд нэр хүнд бүхий ноёдыг өөрсдийн талд татах, улмаар ард иргэдийн сэтгэл санаанд тааламжтай нөлөөлөх явдлыг голчилж байсан нь харагдана. Оросын судлаач, аялагч гээд олон хүн “Сүүлчийн үе хүртэл ийшээ соёл нэвтрэхгүй байв, зөвхөн бидний нүдэн дээр л зууныг дамжин ирсэн амьдралын хэв шинжийг эвдэх явдал эхэлж байгаа буюу эхлэхээр зэхэж байна” хэмээн бичиж байлаа. Харин Оросын зарим албаны эрхтэн нь Монгол бол “бидний зах зээл байх нь байгалиас заяагдсан” гэж үзэж байв. Зарим нь “Бие даасан Монгол Оросын хувьд буфер-улсын хувиар зайлшгүй хэрэгтэй, эл буферээ бэхжүүлэхийн тулд Орос улс ихээхэн юм хийх болно” хэмээн бодлогоо тодорхойлж байлаа. Оросын цэргийн тагнуул Баранов “Монгол нь хагас бие даасан байдалтай, Хятадад (Манж Чин улсыг хэлж байна) эзлэгдээгүй, харин түүнтэй холбоотой оршиж буй улс байна гээд Хятадын Монголыг өөртөө нэгтгэх гэсэн бодол, эрмэлзэл нь Монголын өөртөө орших байдлыг устгаж, улмаар Монголын асуудлыг босгоход хүргэжээ” хэмээжээ.
МАНЖИЙН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЛ
Манж гүрний мөхөл эргэлт буцалтгүй болсон явдал Монголд үндэсний хувьсгал өрнөхөд нэг чухалтүлхэц болсон билээ. Харин Монголын 1911 оны үндэсний хувьсгалын уг шалтгаан бол угийн үндэс язгуураас монголчууд бие даан оршиж ирсэн хийгээд үндэсний эрх чөлөөг эрхэмлэгч ард түмний хувьд Манжийн дарлалд орсны дараа үеэс эхэлжээ. Бүр тодруулбал, монголчуудын эрх чөлөөг хорьж цагдах болсон үеэс, мөн Монголыг залгих санаа агуулсан бодлого явуулсан үеэс монголчуудын дунд үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөсөн.
Бээжинд сууж байсан Оросын Элчин И.Я.Коростовец 1912 оны Монгол, Оросын гэрээнээс бүр өмнө, тодруулбал, Орос, Японы дайны дараахан буюу 1907 онд монголчуудтай холбогдсон байдаг. Энэ тухай Сэлэнгэ аймгийн харьяат Алтанбулаг хотын буриад Дамбадугар “Барга, Дотоод, Халх Монголыг өөрийн эрхтэй засаг болгох” хэмээн нууцаар хэлэлцэж, “Бээжинд суугаа Элчин сайд Коростовецэд мэдүүлсэн” байна. Үүнд “Коростовецээс зүйтэй” хэмээн зөвшөөрч, харин “Барга, Дотоод Монго лын газар иргэн тариачин үлэмж их байх тул эрхбиш хүнд хүчир” хэмээн болгоомжлон “Гагцхүү халх Монгол Улсыг тусгаарлах явдал дөхөм болно” хэмээн өгүүлжээ.
Үүний дараа Харчин вангийн хошууны захирагч явсан Алмас Очир, түшмэл Хайсан нарыг Хүрээ рүү явуулж, уг хэрэг явдлыг Богд хаанд бараалхан айлтгуулсанд “Богдоос зүйтэй” хэмээн зөвшөөрсөн байдаг. Тэд Богд гэгээнтэн болон Монголын ноёд лугаа нууцаар ойр ойрхон уулзана. Богд Жавзандамба хутагт Манжийн амбан лугаа санаа бодол нийлэхгүйн улмаас элдвээр хөшөөлж байснаас гадна үндэсний тэмцэл зохион байгуулахад зэвсэг үлэмж хэрэг болно хэмээн үзэж, нууцаар зэвсэг цуглуулан ордондоо хадгалж байсан нь Хүрээний манж сайдад сэрдэгдэн мэдэгдэж, 1908 онд ил тодорхой болжээ.
Богд Жавзандамба хутагтын дэргэд ноёдууд Монголын одоогийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар олон удаа хэлэлцжээ. Харин энэ удаагийн Богд болон ноёдын хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Учир нь Манжийн эрх баригчид, тухайлбал, Сангийн яамнаас нь Хүрээнд буй амбангаараа дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаардсан байв. Нэгдүгээрт, яагаад Монголын уудам газар нутаг дээр цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа, хоёрт, дээр дурдсан нөхцөл байдалд Хаалган, Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудал юугаар нөлөөлж байгаа, үүнд ямар хүндэтгэх үндэслэл байгаа, гуравт, хятад иргэдийг суурьшуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам барих, автомашины зам тавих зэрэг нь үнэхээр Монголын нүүдэлчид болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар шалтгааны улмаас бас шахах халгаатай гэж үзээд байгаа талаар хоёрдмол утгагүй нэгэн хариулт өгөхийг Жавзандамба хутагт болон Монголын ноёдоос Манжийн хааны Засгийн газар шаарджээ.
Иймээс Богд болон ноёд эл асуудлыг нухацтай хэлэлцэж, маш болгоомжтой хариулт өгөх шаардлагатай болов. Удтал хэлэлцсэний дүнд Манжийн эрх баригчдад өмнө өгсөн хятад иргэдийг Монголын нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй гэсэн байр сууриа хамгаалж, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн цагт ууланд нүүдэллэх хэрэгцээтэй байдаг тул уул уурхай нь төрөл бүрийн үр дагавар авчирна хэмээн үзэж байгаагаа Богд гэгээнтэн, ноёдууд илэрхийлжээ. Монголын ноёдын энэ удаагийн хурал нь монголчуудын амьдрал түгшүүртэй болж байгааг ухамсарлаж, үүнд багагүй анхаарал тавих хэрэгтэйг хаана хаанаа ойлгоход хүргэсэнбайна.
1910 оны гуравдугаар сарын 26-нд Хүрээнд Манжийн эрх баригчдыг эсэргүүцсэн лам нарын зодоон болов. Гурван монгол лам Хятадын нэгэн пүүсийн худалдагч нарын хооронд маргаан болж, улмаар зодолдсоноор уг хэрэг эхэлжээ. Цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хятад цэргүүд зодоон хийж буй монгол лам нарыг баривчлан, цагдаагийн газар луу авч явахыг оролдтол Хүрээний гудамжнаас хаанаас ч юм бүү мэд олон тооны монгол гэнэт гарч ирэн тэд нар луу дайрч, улмаар хятад пүүсийг эвдсэн байна. Энэ тухай мэдээг аваад Хүрээний манж амбан сайд Сандоо уг хэргийг зохицуулахаар өөрийн биеэр очжээ. Уур хилэнгээ барьж ядсан олон монгол сүйх тэрэгнээсээ бууж нэлээд холдсон түүнийг чанга дуугаар орилолдон, чулуугаар нүүлгэв. Сандоод сүйхэндээ бушуухан сууж буцахаас өөр арга олдоогүй аж. Богд гэгээнтэн хэргийн гол буруутан ламыг ордондоо нууж орхив. Хүрээний манж амбан сайд Сандоо зодоонд өөрийн биеэр өртсөнийг хэлэх үү, эл хэрэгт холбогдох олон лам нарыг баривчилж, шоронд хорьж, гол буруутныг шаргуу хайжээ. Үүний үр дүнд тэрбээр хариуцлага үүрэх гол буруутныг Хутагтын дэргэд буй түүний туслах, шанзодба мөн хэмээн үзсэн байна. Харин Хутагт Сандоод хэргийн гол эзэн гэгдээд буй шанзодбаг тавьж өгсөнгүй, өгөөгүйгээр үл барам ордондоо нуужээ. Сандоо амбаны төвдөө илтгэсний дагуу уг хэрэгт холбогдогч шанзодба Бадамдорж, Да лам нарыг албан тушаалаас нь зайлуулах шийдвэр дээрээс ирсэн боловч Богд үүнийг хэрэгжүүлсэнгүй. Улмаар Богд хутагт 1910 оны тавдугаар сард илтгэл бичиж, түүндээ Сандоо амбаныг өөрийн биеэр зодоон болж буй газарт очсоныг буруутгаад, хэргийн гол буруутан гэгдээд буй өөрийн хамгийн ойр хүн болох шанзодбаг бүхий л хүчээрээ өмөөрсөн байна. Угаасаа сайнгүй байсан Богд лам, манж амбан хоёрын харилцаа уг хэргээс хойш улам хөндийрч, бие биеэ үзэн ядах хэмжээнд хүрчээ. Иймээс Жавзандамба хутагт Манжийн хаанд хэд хэдэн удаа захидлаар хандан, Сандоог солиулахыг оролдож, эл талаар дэмжлэг үзүүлэхийг Оросын консулаас хүсэх болов.
1911 оны эхээр Богд гэгээнтэн “Манж, хятадуудтай нэг өдөр Цагаан сар хийхээс татгалзаж, монголчуудад Цагаан сараа нэг өдрийн дараа хийхийг зарлиг” буулгав. Улмаар Сандоо амбан Цагаан сараар Хутагттай золгохоор очиход тэрбээр хүлээн аваагүй байна. Энэ бүхэн нь Хүрээний хутагт, манж амбан сайдын харилцаа, эсвэл хэдэн лам нарын танхайрсан хэрэг төдий бус, бүр улс төрийн шинжтэйг илтгэнэ. Эл бүхэн монголчуудын дундах уур амьсгал хэчнээн хурц болсныг харуулаад зогсохгүй хэзээ мөдгүй чүдэнз зурахад асахад бэлэн буйг илэрхийлж байжээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ ЭХЛЭВ
1911 оны зун Богд гэгээнтэнд даншиг өргөх ёслол хийв. Сайн ноён ханНамнансүрэн Богд гэгээнтэнд захидал өргөж, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлээ илүү өрнүүлэхийг хүсэв. Монголын Түр Засгийн газрыгнууцаар байгуулж, Богд ууланд сэм уулзав. Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрүүлэхээр илгээв. Богд гэгээнтэн халхын дөрвөн хан нийлж, Орос улсаас тусламж эрсэн бичигт мутарлав. Орос улсаас тусламж эрсэн Ханд ван, Да лам, Хайсан нар Манж амбаны туршуулуудаас болгоомжлон зүсээ хувирган цуварч Монголдоо ирэв. Манж амбан Сандоог Хүрээнээс хөөж явуулав. Түр Засгийн газар ил гарч, соёмбо үсэгтэй далбаа мандуулан, засгийн эрхийг авлаа. Төр улс, тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарлах өдрийг 1911 оны арванхоёрдугаар сарын 29 хэмээн тогтоов.
АРВАНХОЁРДУГААР САРЫН 29-НД ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛОВ
Европ тооллын 1911 он, Дайчин хэмээх Манж улсын Хэвт ёсны гуравдугаар он, Монголын арвантавдугаар Рабжунгийн цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын шинийн есний өдөр бөгөөд төрийн их ёслолыг гүйцэтгэх маш сайн өдөр. Богдын шар ордонд шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн зүмбэрлэмэл очир, есөн эрдэнэ, долоон тахил тэргүүтнээр гоёмсоглон хээлсэн 10 гаруй ханатай том гэр барьж, Богд эзэн хаанаа өргөмжлөх төрийн ордон бэлтгэжээ. Эрдэнийн сууринд залармагц ноёд, лам нар бүгдээр өөр өөрийн жагсах газартаа гурав мөргөхийн сацуу өргөх зоогийн сүү, цай, завьяаг соёго нар залж ирмэгц сойвонгууд тосож аваад хундага сэлтийг өргөн ноёд лам нар хүн тутамд нэжгээдээр барин жагсаж сөгдөөд ерөөлийг айлтгах Да лам Цэрэнчимэд төв өмнө сөгдөн шар, цагаан хадаг нэжгээдийг ерөөлийн хамт бариад уншин айлтгаж гүйцмэгц өргөх зүйлийг удаа дараагаар мутарт дэвшүүлэн өргөсний дараа гурав сөгдөж ёс мөргөмүй хэмээн ёслолын дэг тогтоожээ. Халхын таван аймгийн хаад, чуулганы дарга, жанжин, олон засаг ноёд, хутагт хувилгаад, шанзодба, да лам нар язгууртан тушаалтан тайж түшмэд, Өвөр Монгол, Барга, буриад олон монголчуудын төлөөлөл бүрнээ Их хүрээнд цугларчээ.
Хугацаа: Энэ өдрийн морин цагийн эхний хорид буюу 11.40-д өлзий учрал бүрдсэний тул Богд гэгээнтнээ улсын эзэн хаанд өргөмжлөн, их ёслолыг гүйцэтгэхээр олон монголчуудад мэдэгдэн эхлүүлж, орой нар шингэхийн өмнө буюу 17.00 цагийн орчим өндөрлөсөн байна.
Хаана: Уг үйл явдалд өөрийн биеэр оролцсон Г.Навааннамжил авгай “Богдын орд хашааны дотор бий хуучин галбын дуган гэдэг алтан дээвэртэй сүмийн зүүн тал, мөн Доржвавааран гэдэг дуганы баруун талын хэсэг сул газрын шар хашааг хойш тэлж ихтгэн, тэрхүү зайд, Монголын төрийн орд гэдэг шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн, сүлбэмэл очир есөн эрдэнэ, долоон тахил гэх мэтээр гоёмсоглож хээлсэн арван хэдэн ханатай том эсгий гэрийг байгуулав” гэж өгүүлжээ. Төрийн шар ордон нь эдүгээгийн МУИС-ийн хичээлийн байрны орчим, Хүнсний IV дэлгүүрийн урд талд байрлаж байсан бөгөөд Богд хаан Туулын хөвөөнд буй түүний өвлийн хоёр давхар ордноос хатан Дондогдуламын хамт тус тусдаа сүйх тэргээр Төрийн ордон руу иржээ.
Төрийних ёслолынүйлажиллагаа: Энэ үйл явдлын талаар уг ёслолын ажиллагаанд оролцогчийн байр сууринаас бичиж үлдээсэн, маш сонирхолтой бүтээл бол Г.Навааннамжил авгайн “Өвгөн бичээчийн өгүүлэл” юм. Тэрбээр “Мөнөөхөн өвлийн дунд сарын шинийн есөн болж ирэв. Мөнхүү өглөө чуулганы даргын жасааны түшмэл, бичээч нарын хамт залан Дашдондов, Анваан нар малгай, хүрэм болон Их хүрээний төвийн шар ордны тэнд очиж, мориноос буугаад их хаалганы өмнө хүрэхэд олон хүн хуралдаж, үнэхээр нүд алдам их байв. Отго жинс хүрэм эрээн дээлтэй ноёд, түшмэд, хутагт хувилгаад, лам нар жагсан хүлээж байна. Тэдний дунд ороод байтал удалгүй дээд сүм дээр гурван их буу тавьсан чимээ түжигнэж сонсдоно (Энэ дээд сүм нь одоогийн Богд хааны ордон музей. О.Б). Богд, Цагаан дарын хамт их ёслолоор явж ирэхэд тэдгээр хуралдагсад сөгдөн, нам гүм. Богд хатны хамт, шар өнгөтэй алтан туг бүхий дөрвөн дугуйтай гоё орос тэргэнд сууж, хиа лам найман хүн тэргийг дамнан хөтөлж явна. Өмнө нь донир, сойвон, бараа бологч зэрэг том лам нар жагсан явах ба улаан хуйтай сэлэм зүүсэн хоёр гурван хар ноён зам удирдана. Олон шадар цэрэг замын хоёр талаар буу зэвсэгтэй, ёслолын хувцастай жагсан явна. Богд, хатны хамт шар ордны дунд хаалгаар явж, орд гэртээ ормогц тэдгээр ноёд, лам нар цөмөөр дагалдаж ороод шадар ихээхэн ноёд, лам нар нь бүгд орд гэрт орж очсон байна. Бусад ноёд нь төрийн ордны өмнө зогсож хүлээнэ” хэмээн бичсэнээс үзвэл Богд гэгээн, хатны хамт болзсон цаг болохоос арай өмнө Өвлийн ордноосоо ирж, Төрийн ёслолын хувцас, хэрэглэлээ өмсөж бэлдсэн хэмээн үзэж болно. Тэрбээр цааш “Үдийн үе болоход ордны зүүн тасалгаанд бий Богдын тугдам гэдэг гэрийн үүднээс эхлэн төрийн ордны хоймор байгаа дөрвөн арслангийн дүрсийг сийлж түшүүлсэн элдэв алтан хээт хааны ёслолын өндөр тавцан бүхий олон давхар магнаг олбог түшлэг хүртэл ба мөн Очирдара гэдэг гэр дуганд замнаж оруулах, хүн явж багтах нарийхан банзан шалтай, шар торго дэвссэн зам “гардан”-ыг бэлтгэв. Богд, эх дагина нархар үнэг гэдэг үнэт үстэй малгайд очир жинс хадаж, эрээн дээл, булган цоохор хүрэм өмсөж, явганаар шадар ноёд, сойвон, донир нарыг дагалдуулан хойноо шар торгон ба алтан саа луу хээт шүхэр хоёр тогосны өдөн шүхэр нэг, ийм гурван шүхрийг бариулж, өмнө нь донир ба улаан хуйт сэлэм зүүсэн хар ноён хоёр хүн удирдан, мөнөөхөн бэлтгэсэн шар торгон зам дээгүүр алгуурхнаар алхуулан явахад нь шадар ноёд дөрвөн хүн Богд, эх дагинын хоёр талаас нь түшиж хүндэтгэн явна. Ордны дотор их буу гурван удаа тавьжээ. Богд, эх дагинын хамт Очирдара гэдэг дуганд ороод хойш явж төрийн ордонд орж очив. Төрийн ордонд бараалхан орох эрх бүхий ихээхэн хутагт хувилгаад, хан, ван, бээл, бээс, гүн, засаг тайж нар цөм дагалдан орцгоов. Хэсэг хугацааны дараа төрийн ордноос хуучин хүрээний монгол сайд байсан бээс Пунцагцэрэн гартаа нэлээд том бичиг барьж ирээд хишиг тараах зарлиг буув гэж өндөр дуугаар хэлнэ. Мөнөө түшмэл, бичээч зэрэг хар лам хүмүүс цөм чимээ аниргүй болон сөгдөнө. Бээс Пунцагцэрэн тэрхүү хишиг тараах зарлигийг уншиж л байв. Үг нь ер тодорхой сонсдохгүй, чинээгээрээ чих тавьж сонсвол, Богдыг Монгол Улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн, Цагаан дарыг улсын эх гэж өргөмжилж, Улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их хүрээг улсын төв Нийслэл хүрээ болгон Монгол Улсыг байгуулж, дэлгэр их ёслолыг явуулав” хэмээн өгүүлсэн байна.
Баяр ёслолын байдалтай нам гүмд хаан эзний сууринд залах тухай тунхгийг уншиж, Богд болон түүний хатны толгой дээр Да лам, Сайн ноён хан нар титмийг өмсгөжээ. Алтан очир нь Чингис хааны үр сад сэргэснийг илэрхийлж байв. Ийнхүү их бууны дуутай зэрэгцэн хаан суудалд засах ёслол болжээ. Төрийн ордны дотор, гадна цугларсан хүн бүхэнд Богд хааны зарлигаар хишиг хүртээв. Хааны зарлигаар төрийн таван яам байгуулж, сайд нарыг тохоон томилов. Ийнхүү Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт дахин сэргэж, орчин цагийн Монгол Улсын төр сэргэн мандаж буйгаа дэлхий дахинаа тунхаглан зарлалаа.
Бурхны шашин тэргүүн Богд Жавзандамба хутагтаа Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, төр улс, тусгаар тогтнолоо дэлхийн дахинаа тунхаглан зарласан тэр мөчид төрийн ордон дотор болон гадаа цугласан олон монголчууд баруун өвдөг дээрээ гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөсөн байна. Яг энэ мөчид хуран цугласан олон, Улиастай, Алтанбулаг, Ерөө, Өвөр Монголын монголчууд Хүрээний зүг хандан мөн адил мөргөж, сүү цагаан идээний дээжээ өргөн, баярын нулимс дуслуулан, магнай тэнийтэл баярлацгаажээ. Ийнхүү Монголын төр дахин сэргэж, түмэн олон монголчуудын сэтгэлд шинэ өглөөний нар гийж, амгалан тайван, эрх чөлөөт замын эхлэл тавигдав. Иймээс төр улс, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан өдрийг Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний баяр хэмээн тэмдэглэж байгаа нь энэ буюу.
Бэлтгэсэн: О.БАТСАЙХАН /Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор/