"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар болон АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тодруулбал, Улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь төрийн мэдэлд авч, хилийн зурвас газар, хил орчмын бүсэд зөвшөөрөлгүйгээр хувийн болон ААН-д газар эзэмшиж, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Ингэхдээ зөвхөн УИХ-аар шийдвэрлүүлдэг байх эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн. Өмнө нь орон нутгийн хилийн байгууллага болон аймаг орон нутгийн тохиролцсон гэрээгээр хилийн бүсийг тогтоож, газар эзэмшиж, ашиглах асуудалд харилцаа үүсэж байсан зэрэг зөрчил, дутагдлыг ийнхүү таслан зогсоож, хилийн бүсэд хилийн халдашгүй дархан байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү тусгай хэрэгцээнд авч, тогтоолыг баталсан юм. Түүнээс биш, улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямар нэгэн үйлдэл, эрх зүйн акт гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэх мэдээллийг өгөв.