УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хийв.
Тэрбээр танилцуулгадаа, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийхийн зэрэгцээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хэлэлцүүлгийн төслийг бэлтгэснийг онцоллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зарчмын зөрүүтэй санал гаргаснаа тайлбарлав. Тэрбээр, “Бусад стратегийн ордуудын талаарх хуульд тусгасан жишгийн дагуу бирж дээрээ төрийн өмчийн хувь эзэмшил 34 хувь хүртэл гэж байх ёстой. Төрийн өмчит компани байна гэсэн атлаа хувь эзэмшлийнх нь доод хэмжээг нь заагаагүй хууль гарах гээд байна" гэж байлаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахыг дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдаан Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй холбоотой зөвшөөрлийн асуудлууд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш хугацаанд батлагдсан болон хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах зорилгоор зарим хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэж үзэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5.-д заасныг үндэслэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр Ажлын хэсгээс боловсруулж бэлтгэснийг дурдав.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл нь Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд биржийн арилжаа нь үнэт цаасны арилжаа болон шууд худалдах, худалдан авах гэрээний төслүүдээс бүрдэж, биржийн болон биржийн арилжааны зуучлагч, брокерын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавихтай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна” гэж заасан учраас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн зуучлагч, брокерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгох зохицуулалтыг тусгаж, хуулийн төслийг боловсрууллаа. Түүнчлэн хуулийн төслийг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл хугацаанд төрийн өмчит болон хүсэлт гаргасан уул уурхайн компаниудын экспортод гаргах бүтээгдэхүүнийг арилжихтай холбоотой шаардлагатай дэд бүтцийг бий болгох талаар "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, уг хуулийн төслийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй хамт батлах шаардлагатай тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.
Үргэлжлүүлэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлсэн үгэндээ, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Ажлын хэсгээс уг тогтоолын төслийг боловсруулсныг онцлон тэмдэглэв.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүнД.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Энхбаяр, Д.Батлут, С.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Тогтоолын төслийн найруулга салаа утгатай, зөрчилтэй тул төслийг татаж аваад Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж, дахин нягталж ажиллах нь зүйтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Батлут, “Иргэд байгалийн баялагтаа эзэн болж, 1072 хувьцааныхаа ашиг шимийг хүртдэг байх ёстой. Энэхүү 1072 хувьцааг зарж борлуулах боломжуудыг нээж өгч болохгүй. Харин “Эрдэнэс таван толгой” ХК-ийн үлдсэн 81 хувийг олон нийтийн оролцоотой болгох нь зүйтэй. Гэхдээ маш нарийн судалгаа, тооцоололтой асуудалд хандаж, хуульчлах шаардлагатай” гэсэн саналыг хэлж байлаа.
Ингээд Байнгын хорооны даргын зүгээс Ажлын хэсэгт гишүүдийн хэлсэн саналуудыг анхаарч, төслийн найруулгыг нь засаж сайжруулан, дахин боловсруулах чиглэлийг өгөв.