Зулын 25-ны их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Буддын шашинт улс орон, түүний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ. Шарын шашныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг. Мөн энэ өдөр Зулын 25 гэж бэлэгшээж байгаа нь зул өргөх юм. Зул өргөхөд голыг нь ороох, тосоо цутгах гэх зэргээр хичээл зүтгэл, шамдал олон бэлгэдэл шингэсэн байдгаар ач тус ихтэй. Тосон зул биш гэхэд, гэрлэн зулыг өргөх ч тустай.