Өнөөдөр пүрэв гараг. УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тогтоолыг хэлэлцэж байна. Энэ үеэр
УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэллээ. Тэрбээр, "Түр хороог сунгах саналыг дэмжиж байна. Гэхдээ асуудлууд байна. Түр хороо байгуулагдаад зургаан сар болжээ. Багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаан юу шалгаж, ямар ажлууд хийж амжуулав. Хэдэн нууцлалын зэрэглэлтэй гэрээ байгаа юм бэ?. Хэд нь ил болох юм.
Төмөр замын гэрээ нууц байгаа юм уу, үгүй юу. Ажиллахад парламентаас чухам ямар дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Т.Доржханд гишүүн 40 их наядын хохирол учирсан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх юм. УИХ-ын чуулганаар бодит мэдээлэл өгч болдоггүй юм уу. Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна" гэв
Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд "Манай түр хороо УИХ-аас байгуулсан түр хорооны гурав дахь нь. 44 их наяд гэдэг тоог Т.Доржханд гишүүн гаргаж ирсэн. Манай түр хорооны гишүүн мөн. Гэхдээ хуралдаа нэг ч удаа суугаагүй. Тэгсэн хэр нь ард түмний турхирдаг, талхилцуулдаг энэ хариуцлагаа хүлээж, тайлбарлах ёстой. Өвлийн хүйтэн ард түмэн 44 их наядын төлөө жагсаад байдаг. Гэтэл манай түр хороон дээр 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах асуудал яригдаж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд иргэдээс ч, цагдаа нараас ч уучлал гуйх ёстой гэж үзэж байна, түр хорооны даргын хувьд.
Бид хуулийн дагуу нууц гэрээг үзэж, танилцах боломж бий. Харин засгийн газраас нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох шийдвэр гарвал олон нийтэд ил болгох боломжтой. Тэгэхдээ бид нар Ерөнхий сайд болон хэрэг эрхлэх газрын дарга нарт энэ сарын 21-нд болох нээлттэй сонсголын өмнө олон нийтэд ил болгох хүсэлт тавьсан. Ил болгоно гэдгээ ч тэд илэрхийлсэн. Тэгэхээр нууцлалын зэрэгтэй гэрээнүүд ил болно. Гэрээнүүд ид болсноор хүмүүсийн хүсээд байгаа нэрс тодорхой болно. Гэрээнүүд нууцлалын зэргээс гараагүй болохоор хэн нь хулгай нь хийсэн болохыг мэдэхгүй. Хэдэн төгрөгийн гэрээ хийсэн гэдгийг ч мэдэхгүй байна " гэлээ.