Сүүлийн өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн унаа олдохгүй, иргэд олноор автобусны буудлууд дээр зогсох болсон билээ. Хүйтний эрч чангарч, агаарын температур -30 градусаас давж байхад автобус удаан хүлээх нь битгий хэл, бууж, суухад ч туйлын хүнд байгаа. Тиймээс олон нийт энэ талаар хөндөж, шүүмжилж байсан юм. Асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас үүрэг болгосны дагуу өчигдрөөс нийслэлийн төв замуудын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн унаа явуулна гэсэн журмыг эрчимтэй хэрэгжүүлж, хяналт тавихаар болсон. Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн албаныхан идэвхийлэн ажиллаж эхлэв. Тус албаны замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд авто замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчуулах болсонтой холбоотойгоор 416 алба хаагч хяналт тавьж байгаа тухай өчигдөр мэдээлэв. Гэтэл чөлөөлсөн авто замаар явах автобус тун ховор нь ажиглагдлаа. Уг нь “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар 1000 гаруй автобус явуулахаар болсон талаар мэдээлсэн ч бодит байдалд иргэд автобус удаан хүлээсэн хэвээрээ л байв. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, тэднийхтэй гэрээтэй ажиллаж, хотын оршин суугчдыг хөл залгуулдаг компаниуд дорвитой парк шинэчлэл хийгээгүй удсаны гор ийнхүү гарсаар байна.
Бэлтгэсэн Р.Жаргал