СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн багш, докторант Б.Түмэн-Өлзийн санаачилгаар 2007 оноос Хятад дах Польшийн элчин сайдын яам, Польшийн Соёлын хүрээлэнтэй хамтран жил бүр уламжлал болгон Польшийн кино өдөрлөгийг зохион байгуулдаг болсон. Өдөрлөгийн хүрээнд дэлхийн шилдэг найруулагч Занусси, кино судлаач Диана Дамбровска, Польшийн Катовецийн их сургуулийн зураглаачийн багш Павел Хожимпа зэрэг дэлхийд нэртэй Польшийн кино найруулагч, урлаг судлаачид, уран бүтээлчид ирж кино сонирхогчдод болон оюутнуудад мастер класс сургалт хийдэг билээ. Энэ хугацаанд Польшийн шилдэг, залуу уран бүтээлчдийн 50 гаруй киног монгол орчуулгатай толилуулжээ.
11 дэх удаагийн Польшийн кино өдөрлөгийг энэ оны арваннэгдүгээр сарын 14-17 өдрүүдэд РТМУС-ийн Дебют театрт, БНПУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах гэнэ. Энэ жилийн Польшийн кино өдөрлөгөөр Польшийн урлаг судлаач Кайя Климек “Цахим орчинд кино шүүмж бичиж уншигчдад хүргэх арга зүй” сэдвээр гурван өдрийн мастер класс сургалт хийх юм байна. Тэрбээр “Kajutex” кино шүүмжийн youtube сувагтай бөгөөд кино, поп урлаг, комикс болон уран зохиолын шүүмж бичдэг аж Мөн Польшийн “Радио 4” сувагт кино шүүмжийн булантай. Варшавын Муранов кино театрт кино клуб удирддаг. Гдыня хотын, Краковын, Вроцлавын, Варшавын кино наадмуудад хөтлөгчөөр ажилладаг аж. Комикс, поп урлаг, эмэгтэйчүүдийн дэлгэцэн дахь байр суурь болон жүжигчин Николас Кейжийн уран чадварыг судалдаг судлаач юм.