Иргэн Доржийнх хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэднийх урин дулааныцагт уртасгасан цагаар үйл ажиллагаа явуулдаг. Байршил сайтай учраас хүний хөл тасрахгүй. Тэр хэрээр ашиг орлого сайтай. Бараа, бүтээгдэхүүнийхээ хангамжид ч гойд анхаардаг. Гэм нь энэ айл өвөл болмогц лангуугаа хоосолчихдог аж. 09.00-12.00 цагийн хооронд үйлчлүүлэгч хүлээж аваад, түүнээс хойшүүдээ барьдаг хатуу хуваарьтай. Энэ нь ид ажлын цаг, мөн бараа, бүтээгдэхүүн нь сонголтгүй учраас үйлчлүүлэгчид тийшээ зүглэдэггүй гэнэ. Ойр дотнын, ижил чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүстүүнд ямар их боломж байгааг үргэлж сануулж, улирлын хамааралгүй, ердийн цагийн хуваариар ажиллахыг зөвлөсөөр иржээ. Харамсалтайнь, тэрбээр энэ боломжийг ер ашиглаж байсангүй. Дорж ойрын жилүүдэд дэлгүүрээ томруулж, бизнесээ өргөжүүлэх зорилго тавьжээ. Үүндээ хүрэхийн тулд хаягаа шинэчилж, анхаарал татахуйц болгохоор шийдэж. Мөн урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлж, хямдрал зарлахаар төлөвлөсөн байна. Үйлчилгээгээ сайжруулахад ч анхаарах нь. Харин эргэн тойрных нь хүмүүстүүнд ганц л зүйлийг зөвлөж байгаа нь өвөл, зун харгалзалгүй, тогтмол үйл ажиллагаа явуулах.
Манай улсын аялал жуулчлалыг дэлгүүртэй зүйрлэвэл өнгөрсөн жилүүдэд яг л ийм байдлаар ажиллаж ирлээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хугацаа нь богино учраас ашиг орлого нь тэр хэрээр хумигдмал, алдагдал ихтэй. Утаагүй үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаарх яриа, хурал, зөвлөгөөн, уулзалтууд энэ үед зогсдог. Жуулчин хүлээж авдаг амралтын газар, баазууд, зочлох үйлчилгээний байгууллагууд хязгаарлагдмал хүрээнд, алдаг оног ажилладаг. Ерөөс аялал жуулчлалынхан өвөл болмогц “ичээндээ ордог” уламжлалтай. Жилд дунджаар жуулчдад зориулсан 110 гаруй арга хэмжээ зохион байгуулдгийн 10 орчим нь л өвөл болдог. Үүнээс хүмүүст хүрч, танигдсан нь гэвэл Бүргэдийн болон Түмэн тэмээний баяр, “Талын түмэн адуу”, “Хөх сувд”, “Kharkhorum ice festival” зэргээс хэтрэхгүй. Түүнчлэн маркетинг, сурталчилгаа хийхдээ дан урин дулааны улирлын өнгө төрх, арга хэмжээг онцлон харуулдаг дутагдалтай.
Өдгөө аялал жуулчлалын салбар шинэ гараан дээр ирээд буй. Цар тахлын улмаас алдсан боломж, учирсан хохирлыг нөхөх, тус салбарыг богино хугацаанд хөл дээр нь босгохын зэрэгцээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар бодлогын хэмжээнд анхаарч эхэлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо, агаарын тээврийг либералчлах ажлын хэсэг байгуулав. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан батлуулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байна. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарлалаа. Ирэх онд нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх зорилт дэвшүүлэв. “Discovery”, “National geography” зэрэг сувгаар Монголыг сурталчилсан контент түгээх гэнэ. Түүнчлэн салбарын цахим шилжилтийг түргэсгэх, стандарт, журмуудыг боловсронгуй болгох, жуулчдад зориулсан арга хэмжээ (эвент)-нүүдийн календарь гаргах дэд ажлын хэсэг хүртэл байгуулахаар шийдвэрлэж. Монголын аялал жуулчлалыг олон улсад таниулах брэнд, уриа үгтэй ч болгож амжив. Үндсэндээ манай улс утаагүй үйлдвэрлэлийн салбарт өмнө нь санаа тавьж байгаагүйгээрээ анхаарч, “тойглож” эхэлсэн. Яг энэ цаг үед бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг ул суурьтай авч үзэж, дорвитой бодлого, шийдвэр хэрэгжүүлэх нь тохиромжтой санагдана. Утаагүй үйлдвэрлэлийн салбар улирлын чанартай, хэдхэн сарын “нас”-тай үйл ажиллагаа явуулсаар байвал Монгол Улс хэдэн ч оныг зочлох жил болгоод, хэчнээн ч тэрбум төгрөгөөр маркетинг, сурталчилгаа хийгээд нэмэргүй билээ.
Энэ салбарыг дэмжих, хөгжүүлэх олон шинэ санаачилга, шийдвэрийг холбогдох байгууллагуудаас гаргаж буй ч өвлийн аялал жуулчлалтай холбоотой зүйл дуулдахгүй л байна. БОАЖЯ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ, нийслэлийн Аялал жуулчлалын газрынхнаас үүнтэй холбоотой баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаануудынх нь талаар лавлахад гялайж гялтайх зүйл ярьсангүй. Хүйтний улиралд зохион байгуулах хэдэн арга хэмжээний зар дуулгав. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд дорвитой зүйл хийх нь гэсэн итгэл үнэмшил чтөрсөнгүй. Уг нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороонд эдгээр байгууллагын төлөөлөл багтсан. Тэнд ярьж, төлөвлөж буй ажлуудыг тэд л мэдэж байх учиртай. Тэгэхээр дээд түвшиндээ ч энэ сэдвийг дорвитой хөндөж, ярихгүй байгаа бололтой.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа эл сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлнэ гээд хоёр өдөр хүлээлгэв. Шинэ даргад ярих зүйл их бий ч цаг зав гарахгүй байгаа гэх. Тус газрын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар яам өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар болж. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсын зорилтот зах зээл өөрчлөгдөж, солонгос, орос жуулчин давамгайлах болсон учир эдгээр орны аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх нь үр дүнтэй гэж үзсэний үндсэн дээр ийм санаачилга гаргажээ. Тэр дундаа манайхтай хил залгаа, байгаль, цаг уурын хувьд ижил төстэй хойд хөршийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүр ч их гэж тооцсон байна. Улмаар тус улсад жил бүр болдог “Өвөл Якутаас эхэлнэ”, Хөвсгөлд зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяраар дамжуулан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн аж. Тэрчлэн өвөл болдог уламжлалт арга хэмжээнүүдийг нэгдсэн зохион байгуулалттай болгох асуудлыг яамны түвшинд ярьж буй гэнэ.
Харин “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ынхан “Манайх бүтцийн өөрчлөлт хийсэн, хүний нөөцийн асуудалтай байгаа учраас мэдээлэл өгөх хүн алга” гэсэн бол нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан “Энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байгаа. Манай газар БОАЖЯ-тай хамтраад өвөл нэг сарын турш арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. “Өвлийн наадам” болдгоороо болно. Өөр гойд зүйл үгүй” хэмээв. Тус газар хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “UB winter sale” төсөл хэрэгжүүлж эхэлж буйгаа өчигдөр мэдээллээ. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг дотоод, гадаадын жуулчдад хүргэдэг цахим платформд суурилсан төсөл аж.
Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр нэлээд ул суурьтай зүйл ярилаа. Тэрбээр “Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орон дөрвөн улирлынхаа онцлогт тохирсон, жуулчдын хүсэл зорилгод нийцсэн бүтээгдэхүүн бий болгож, хөгжүүлэх нь чухал. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамддаг олон асуудал бий. Дэд бүтэц, тээвэр нэн тэргүүнд эрэмбэлэгдэнэ. Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүчин чадлыг нь нэмэх, аялал жуулчлалын гол маршрутуудын дагуу төмөр замын дэд бүтэц хөгжүүлэх, жуулчны бааз, амралтын газруудын үйлчилгээний нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарах шаардлагатай. Жишээлбэл, Монгол орны өвлийг үзэхээр ирсэн жуулчин олон цагийн нислэгийн дараа бартаат замаар удаан хугацаанд явж байж зорьсон газартаа хүрэх тохиолдол олон. Ийнхүү хугацаа алдсанаас тухтай амарч чадалгүй, сэтгэл хангалуун бус буцдаг. Манай улс жилд нэг сая жуулчин авна гэж олон жил ярьж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд улирлын хамаарлыг багасгах шаардлагатай. Засгийн газар ирэх онуудыг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан дотоод, гадаадын жуулчдад зориулсан өвлийн аяллыг хөгжүүлэх чиглэлд анхаарч байна. Үүний хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг дэмжих “Оросын шинэ жилийг Монголд зохион байгуулъя” төсөл санаачилж, холбогдох хүмүүст танилцуулсан. Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулбал 30 орчим мянган жуулчин хүлээж авах боломжтой. Гэтэл үүний нөгөө талд орон нутагт дахь байгууллагууд ийм тооны жуулчин хүлээж авах хүчин чадал, хүртээмжтэй юү гэдэг асуудал тулгарч байна. Энэ бүхнийг тооцоолж, судлах шаардлагатай. Манай холбоо 21 аймаг, нийслэл дэх аялал жуулчлалын холбоодын төлөөллийг багтаасан үндэсний зөвлөл байгуулсан. Уг зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 11-13-нд Өмнөговь аймагт болно. Тэрүеэр бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, тодорхой саналуудыг хүлээж авна” гэв.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оновчтой бодлого, зөв менежмент чухал. Улирлын хамаарлыг багасгаж, өвлийн аяллыг идэвхжүүлэхэд ч ялгаагүй. Дан ганц эвент санаачлаад, зохион байгуулаад болчихгүй. Наанадаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тохиромжтой бүс нутгийг тогтоох, түүндээ түшиглэсэн зам, дэд бүтэц хөгжүүлэх, тав тух, аюулгүй орчин бүхий үйлчилгээний газар бий болгох хэрэгтэй. Үүний дараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрут бий болгох асуудлыг ярих учиртай. Ингэж бодлогын түвшинд ул суурьтай анхаарч, жуулчдыг Монголд ирэхээс татгалзахад хүргэдэг асуудлуудыг шийдэж байж л аялал жуулчлалын “нас” уртасна. Засгийн газрын тэргүүний ахалж буй Аялал жуулчлалын үндэсний хорооныхон үүнийг эрхбиш мэдэж буй гэж найдъя.