Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн D хэсэг буюу Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж байна.
Нийгмийн хамгааллын чиглэлээр халамжийн олон хөтөлбөрүүдийн нэгтгэх, нийгмийн халамжийн үр өгөөжийн тэгш байдлыг сайжруулах, Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийхэд шаардлагатай судалгаа тооцоо болон техник туслалцааг үзүүлэх, Нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн менежментийг сайжруулах, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн дэлхийн банкны зүгээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийг хамтран хэрэгжүүлж байна. Уулзалтаар хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний явц, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Тогтвортой хөгжлийн зорилгод дэлхий нийтээрээ 2030 он гэхэд ядуурлаас бүрэн ангижрах зорилт дэвшүүлсэн. Манай Улсад 2008 оноос өдийг хүртэл эдийн засгийн өсөлтүүд гарсан ч ядуурлын түвшин буурахгүй 27,8 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагийн илрэл юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамжийг оновчтой зохион байгуулах болон салбар хоорондын уялдааг ханган шинэ арга барилаар ядуурлыг бууруулахад хамтын ажиллагаагаа чиглүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Ноён Андрей Михнев, “Дэлхийн банкны бүхий л үйл ажиллагаа ядуурлыг бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих үндсэн зорилготой. Ядуурлыг бууруулах асуудал нэн чухал гэдэгтэй санал нэг байна. Энэ чиглэлээр хүчин чармайлт гарган дэмжиж хамтран ажиллахдаа таатай байх болно" гэлээ.