УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг цагдан хорьж шалгах хугацаа дуусаж буйтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт АТГ, НПГ-аас шүүхэд үргэлжлүүлэн хорих санал хүргүүлжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорьж мөрдөх хугацааг 30 хоногоор сунгасан захирамж гаргасан байна. Түүнийг болон зөвлөх, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй нарыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан”, 18.6-2.3 дахь хэсгийн албан тушаалтан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж буй билээ.
“Хөгжлийн банкны” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд зээлдэгч “Капитал” банкны авсан зээлүүдийг нягтлаад энэ хоёр хүнд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн юм. Тодруулбал, тэд “Азийн бамбар” гэх компаниар хоёр удаа 3-5.7, “Элит цамхаг” хэмээх компанийн нэрээр 3.9, нийт 12.6 тэрбум гаруй төгрөгийн зээл “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас авсан байдаг. Уг зээлийг нь нарийвчлан шалгахад Г.Аюулгүйн компанийн авсан зээлүүдээс тодорхой хэмжээний мөнгө Ж.Батзандангийн эхнэрийн эзэмшлийн данс руу орсон нь ил болсон. Уг зээлийг авахдаа Ж.Батзандан, Г.Аюулгүй нар “Капитал” банкны удирдлагатай уулзан нөлөөлсөн гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа тус банкны захирал асан А.Ариунболд тодорхой ярьсан юм. Түүгээр ч зогсохгүй “Капитал” банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээ дампууруулж, төлбөрийн чадваргүйд тооцуулахаар шүүхэд хандсан байсныг нь мэдэж, Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргаснаа ч дэлгэрэнгүй ярьсан билээ.