Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд эм найруулагч, эмийн санчаар ажилладаг М.Мөнхчулуун мансууруулах үйлчилгээтэй тариа их хэмжээгээр завшсан хэрэгт холбогджээ. Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сараас хойш тус төвд хоёр жил ажиллахдаа албаны чиг үүрэг, эрх мэдлийнхээ нөлөөг ашиглаж эмч нарын бичсэн 173 ширхэг жорын маягт дээрх морфин тарианы тун, хэмжээг өөрчлөн хүмүүст өгч байсныг цагдаагийн байгууллагынхан шалгалтаараа тогтоосон байна. Өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй морфин нь НҮБ-ын Мансууруулах эмийн тухай 1961 оны конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан мансууруулах төрлийн бодис агуулдаг бүтээгдэхүүн. Дээрх эмийн санч эм тарианы тоо ширхэг, тун хэмжээг өөрчлөн нийт 9.3 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх тариаг завшсан нь шалгалтаар тогтоогдож, НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 20.9-1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис завшсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцээд М.Мөнхчулуунд зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хоёр жил хассан байна.