Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэл цүүлгийн үеэр зарим заалтыг нь дэмжихгүйгээ иргэний нийгмийн байгууллагынхан ийн илэрхийлэв. 2022.11.08
Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, сүүлийн 20 гаруй жил Монголын ардчиллыг дагнан судалж буй Стивен Фиш “Посткоммунист Евразид ардчилал бүтэлгүйтэж, автократ дэглэм бэхэжсэн ч энэ бүс нутагт Монгол Улс нь онцгой тохиолдол. Хэдийгээр ядуурлын түвшин өндөр, ардчилсан бус дэглэмтэй улсуудтай ойр оршдог ч Монголын ардчилал “тэнхээ суусан”. Монголын ардчиллын амжилтын түлхүүр нь түүний хүчирхэг иргэний нийгэм” хэмээн үнэлсэн удаатай. Тэгвэл иргэний нийгмийн томоохон төлөөлөл болсон төрийн бус байгууллагын эсрэг, иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийг олон талаар хязгаарласан хууль хаалга тогшиж буй.
Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас яг жилийн өмнө УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцэх, эсэхийг нь шийдвэрлэх шатандаа яваа. Хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэхдээ Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болгох гэж байгаа бөгөөд холбоо болон сан гэсэн байдлаар тус тусад нь зохицуулах юм. Ингэснээр өдгөө төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд холбоо, эсвэл сангийн алинд харьяалагдах нь ч тодорхойгүй байгааг хэлэх хүн олон аж. Тиймээс хэлэлцэх үү, үгүй юү гэдгээ шийдээгүй байгаа дээрээ иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа хүний эрх, ардчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төрийг хянадаг, шаарддаг хэсгийнх нь зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгарч буй уг төслөө Засгийн газар эгүүлэн татна уу.
Үндсэн хуулийн 16.10-т “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийг намын гишүүнээс түдгэлзүүлж болно” хэмээн заасан. Эвлэлдэн нэгдэх эрх бол иргэний үндсэн эрх. Энэ эрхийг нь хангаснаар иргэд бусад үндсэн эрхээ эдлэх боломж бүрддэг. Тиймээс ч эвлэлдэн нэгдэх эрхийг зөвхөн хуулиар, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор, зайлшгүй тохиолдолд хязгаарлахыг зөвшөөрдөг. Харин Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хууль нь энэ гурван шаардлагыг зэрэг хангаагүйгээр үл барам төрийн бус байгууллагын одоогийн нөхцөлийг улам дордуулж буйг иргэний нийгмийн төлөөллүүд хэлж, анхааруулж ирсэн юм.
Тухайлбал, улс төрийн намыг санхүүжүүлэх, шашин номлох, ухуулан дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг дээрххуулиудаар хориглож, зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох төдийгүй татан буулгахаар тусгажээ. Эдгээр төслийн талаар өчигдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Уг төсөлд улс төрийн намын байгууллагын үйл ажиллагаа гэдгийг маш ерөнхий заажээ. Үүнд юуг оруулах нь тодорхойгүй байна. Жишээ нь, намууд тайван жагсаал, цуглаан хийдэг. Тэгвэл аль нэгэн холбоо, эсвэл сан улс төрийн намтай хамтраад жагсаал, цуглаан зохион байгуулбал шууд татан буулгах юм уу. Үүнийг тодорхой болгохгүй бол хэт өргөн хүрээг хамарч, буруугаар ашиглах эрсдэлтэй. Ялангуяа хүний эрх, ардчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нийтийн эрх ашгийг хөнддөг учраас улс төрд ойрхон байдаг” хэмээн анхааруулав.
Мөн хамгийн их шүүмжлэл дагуулж буй заалт нь Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 38 дугаар зүйл болох Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлтэй холбоотой. Уг зөвлөлийг хэрхэн байгуулах, эрх, үүрэг нь хэт ерөнхий байгааг хэлэх хүн цөөнгүй аж. Иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүнг нэмэгдүүлэх, цаашлаад чадавхыг нь бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүй, хариуцлагыг нь сайжруулах гээд “хамаг юм”-ыг нь базсан эл зөвлөлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулахаар байгаа нь иргэний нийгмийнхний эгдүүцлийг ихээхэн төрүүлж буй. Есөн гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байх уг зөвлөлд нэр бүхий найман салбарт хамаарах хүмүүсээс хүсэлт гарган, нэрээ дэвшүүлэх боломжтой гэж буй ч тэдгээрийг ямар шалгуур баримтлан сонгох нь тодорхойгүй аж. Бас л нийтийн эрх ашгийн үүднээс төрд хяналт тавьдаг, ил тод байхыг нь шаарддаг байгууллагууд нь хаягдах, дэмжлэгийн гадуур үлдэх нөхцөл үүсэх эрсдэлтэй. Үүний талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Энэ төрийн бус байгууллага сайн ажиллаж байгаа учраас дэмжинэ, санхүүжүүлнэ, тэрнийх нь үйл ажиллагаа муу гэж дүгнэх нь уг зөвлөлийн үүрэг юм уу. Хэрэв тийм бол буруу, төр оролцох хэрэг биш. Төр хуулиа батлаад, хяналтаа тавихад л хангалттай” хэмээн шүүмжилсэн юм. Мөн “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр байгууллагаа эрүүл мэнд, боловсрол, соёл, инновац, нийгмийн бодлого гээд зургаан хороотойгоор үйл ажиллагаа явуулдгаа хэлээд, дээрх зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллахын тулд ямар чиглэлээ баримтлан нэр дэвших вэ гэдэгтээ эргэлзэж буйгаа илэрхийлж байлаа.
Түүнчлэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодоос бусад нь “Монголын”, “үндэсний”, “нэгдсэн” гэсэн үгийг нэрэндээ ашиглахыг хориглох юм байна. Ингэснээр аль нэгэн улсад амьдардаг монголчууд нэгдэж, төрийн бус байгууллага байгуулах эрхгүй болох нь. Үүнээс гадна мэргэжлийн холбоог бусад төрийн бус байгууллагаас өндөрт өргөж, иргэний нийгмийнхэнд ялгавартай хандахаар буйг хэлж байсан юм. Харин ч Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж, Төрийн бус байгууллагын тухай хуулиа ингэж салгалгүйгээр сайжруулах нь зүйтэйг нэг хүн бус санал болгов.
Мөн таваас дээш иргэн нэгдэж, холбоо байгуулж болохоор тусгажээ. Одоогийн хуулийн 4.1-т “Монгол Улсын иргэн нийгмийн болон өөрийнхөө ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр төрийн бус байгууллага байгуулж, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулна” хэмээн заасан бол 5.1-т нь “Монгол Улсын иргэн төрийн байгууллагаас зөвшөөрөлавалгүйгээрөөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа төрийн бус байгууллага байгуулж болно” гэх заалт бий. Харин одоо таваас доошгүй иргэн тохиролцож байж холбоо байгуулахаар болсон нь иргэний үндсэн эрхийн маш том хязгаарлалт, зарчмын ухралт гэдгийг МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал анхааруулсан юм. Тэрбээр 2000-аад оны эхээр ямар ч хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байхад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулан ажиллаж байхдаа янз бүрийн хүнд үйлчилдэг байснаа өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр дурсана лээ. Хэтийдсэн шаардлага тавьсан үйлчлүүлэгчид татгалзах тохиолдол гарч байсныг хэлж байлаа. Тэгвэл Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаснаар гишүүдээ ялгаварлан гадуурхвал тус байгууллагыг татан буулгахаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан шалтгаанаар үйлчлээгүйнхээ төлөө ялгаварлан гадуурхсан болж, байгууллагаа хаалгахдаа тулбал яах вэ гэдгийг Д.Энхжаргал болон өөр бусад оролцогч асууж байсан юм.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас 2020 онд Монгол Улсыг саарал буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орны жагсаалтад оруулсантай холбоотойгоор эдгээр хуулийг шинэчлэн батлах шаардлага үүссэнийг хэлж ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн зарим байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж буй эрсдэлийг засах чиглэл ФАТФ-аас өгсөн зөвлөмжид бий аж. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Ашгийн төлөө бус секторын ил тод байдлыг хангахыг ФАТФ-аас шаардаж буй. 1997 онд баталсан Төрийн бус байгууллагын тухай хууль 25-хан зүйлтэй учраас жижиг сажиг өөрчлөлт оруулснаас шинэчлэн баталсан нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр бид хуулиа яаж ч өөрчилж, шинэчлэх боломжтой. Татварын ерөнхий газраас санамсаргүй байдлаар арав орчим байгууллагад шалгалт хийхэд 10 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн юм билээ. Эдгээрт холбогдох хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа” гэсэн юм. Гэхдээ үүнийг иргэний нийгмийн байгууллагынхан эсэргүүцэж байна. Тухайлбал, “Ардчиллын боловсрол” төвийн захирал Г.Ундрал “Үнэт металлын худалдаагаар дамжуулан мөнгө угаах явдал Монголд байгаатай холбоотойгоор саарал жагсаалтад оруулсан. ФАТФ болон Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (ICNL)-өөс бидэнд тодорхой мэдэгдлээ ч ирүүлсэн. Мэдээжтөрийн бус байгууллагуудын дунд сайн нь ч бий, саар нь ч байгаа. Гэхдээ хэдхэн байгууллагаас болж иргэний нийгмийнхнийг бүхэлд нь харлуулж, өдгөө бүртгэлтэй байгаа 30 мянган ТББ-ын нэр хүндэд халдахаа болих хэрэгтэй” гэв.
Ташрамд дурдахад, Хууль тогтоомж, бодлого судалгааны төвөөс Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үр нөлөөний байдалд хийсэн хөндлөнгийн судалгаагаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зургаан шалгуураас дөрвийг нь л хангаж байгааг онцолсон юм.