Бидний эргэн тойронд хөгжлийн бэрхшээлтэй 11.8 мянга орчим хүүхэд амьдарч байна. Тэд бусдын адил эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох эрхтэй. Хүүхдүүд энэ эрхээ эдэлж чадаж буй, эсэхийг хөндсөн “Тэгш хамруулах боловсрол” хэлэлцүүлэг болж, бодлого боловсруулагчид, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхийн төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, ХНХЯ-ны мэргэжилтнүүд, Японы Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-1, 2” төслийн багийнхан, сургуулийн төлөөллүүд, холбогдох мэргэжлийн байгууллагууд, аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд уг хэлэлцүүлэгт оролцож, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын үйл ажиллагаа, үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролд тэгш хамрагдаж чадаж буй, эсэхийг түүнээс тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай биш, ердийн сургуульд сургахыг дэлхий нийтээр зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгаварлан гадуурхахгүй, бусдын адил нийгмийн харилцаанд оролцуулах зарчмыг манай улс баримталдаг. Тиймээс боловсролын байгууллагын багш, ажилтнуудын ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, сурах орчны хүртээмжийг сайжруулахын тулд холбогдох яамныхан анхаарч ажиллаж байна. Цаашид багш мэргэжлээр сурч буй оюутнуудын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхийн тулд хичээлийн хөтөлбөрт нь тусгайлан кредит цаг оруулна” гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага ангиас дунд руу дэвшин суралцахад багагүй асуудалтай нүүр тулдаг аж. Тиймээс тусгай хэрэгцээтэй сурагчдыг ердийн сургуульд анги дэвшин сурах үйл явцыг дэмжих зорилгоор Японы Хүүхдийг ивээх сангаас нийслэл болон орон нутгийн 16 сургуульд Хүүхэд хөгжлийн танхим байгуулжээ. Эдгээр танхимаар дамжуулан 200 гаруй хүүхдэд хөгжлийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлсэн байна. Тодруулбал, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг хангахад чиглэсэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн нийт 16 сургуульд өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлжээ.
Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль
“Хүүхэд бүр өөр өөрийн өнгөөр гэрэлтдэг” хэмээн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн сургалтын менежер Т.Амарзаяа хэлсэн юм. Тус сургуульд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг таван жилийн өмнөөс хэрэгжүүлжээ. Өнгөрсөн хичээлийн жилд 37 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд сурч байсан бол одоо 20 болж нэмэгдсэн гэнэ. Тэдэнд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө болон тусгай хөтөлбөрийн дагуу хичээл заадаг аж. “Манай сургуульд аутизмтай, тархины усжилт, саажилт, харвалт, өнчин тархины хавдар, оюун ухаан, хэл яриа, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд сурч байна. Мөн эмд тэсвэртэй өвчтэй гэсэн оноштой нэг сурагч бий. Эдгээр хүүхдийг бусадтай ижил орчин нөхцөлд сургахыг эрмэлзэж буй ч хүлээн авах чадвар нь ялгаатай. Тиймээс арай өөр арга барилаар хичээллэдэг. Өөрөөр хэлбэл, манай сургууль Японы Хүүхдийг ивээх сангийн тусламжтайгаар багш нараа мэргэшүүлж, хүүхэд бүрийн ялгаатай байдал, онцлог хэрэгцээнд нь тааруулсан сургалтын хөтөлбөр боловсруулсан” гэж сургалтын менежер Т.Амарзаяа ярив. Тус сургууль хичээлийн хоёр байрандаа Хүүхэд хөгжлийн танхимтай. Эдгээр танхимдаа хүүхдүүдэд монгол хэл, математикийн хичээл заадаг. Үүнээс гадна тэдний авьяасыг хөгжүүлэх зорилгоор зураг, дуу хөгжим болон бусад туслах хэрэглэгдэхүүний тусламжтайгаар сургалтаа явуулдаг аж.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежер Ч.Хоролмаагаас орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн сургаж буй талаар тодруулахад “Манай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж ирсэн 20 гаруй жилийн туршлагатай. Ердийн сургуульдаа хоёр тусгай бүлэг хичээллүүлдэг юм. Хүүхдүүдийг тусгай бүлгээс энгийн анги руу шилжүүлэн сургадаг. Одоогоор тусгай хэрэгцээт 45 сурагч суралцаж байна. Тэдний 13 нь энгийн ангид суралцдаг” гэв. Сургуулиас нь тусгай олимпын аварга төрснийг Ч.Хоролмаа бахархан ярьсан. Багш, эцэг, эхийн дэмжлэгээр хүүхдийг онцлогт нь тохируулсан хэрэглэгдэхүүн ашиглаж хөгжүүлэх бүрэн боломжтойг тэрбээр хэлсэн юм. Мөн төслийн зүгээс багш, эцэг, эхчүүдийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, заах арга барил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, жил бүр гарын авлагаар хангадаг нь ач холбогдолтойг онцоллоо. Түүнчлэн дээрх төслийг Ховд аймгийн ерөнхий боловсролын хоёр сургуульд хэрэгжүүлж буй гэнэ. Тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б.Алтангэрэл “Төсөл хэрэгжүүлснээр нийгмийн сэтгэл зүй, хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах ёстой юм байна гэсэн үзэл санааг төлөвшүүлэх, ялгаварлан гадуурхалтаас ангижрахад ахиц дэвшил гарсан гэж үзэж байна. Мөн хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлсэн дэмжих төвүүдтэй болсон. Зориулалтын ариун цэврийн өрөөнөөс эхлээд таатай орчин нөхцөлийг бүрдүүллээ. Тусгай хэрэгцээт хүүхдийн давуу талыг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэхэд бидэнтэй адил сурч, хөгжих боломжтой. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад нийгмийн эерэг хандлага чухал” гэлээ. Тэгш хамруулах боловсролын бодлогын хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгоо, боловсролын үнэлгээг сайжруулах зорилготой эл хэлэлцүүлгийн төгсгөлд цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн юм.