Парламент дахь МАН-ын бүлгийнхэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Улмаар үүнийг Барилга, хот байгуулалтын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Газрын багц хуулийг баталснаар Монгол Улсын бүх хүнд хамаатай эрх зүйн суурь шинэтгэл эхэлнэ. “Төрийн үндэс” гэгддэг үнэт баялгаа өнгөрсөн хугацаанд ямар ч үнэ цэнгүй болгочихжээ. Жишээ нь, 97 хувийг нь төлбөр, хураамжаас чөлөөлж ирсэн байгаа юм. Гэхдээ газрыг далд, нууцаар маш өндөр үнэд хүргэдгийг хүмүүс мэдэж байгаа. Тиймээс Газрын тухай багц хуулийг шинэчилснээр энэ далд эдийн засгийг ил болгоно. Ер нь газрын харилцаа олон тусдаа, салангид явж ирсэн. Тухайлбал, уул уурхайн болон тусгай хамгаалалттай газар, бэлчээрийг салбар салбарынх нь яам, чөлөөт бүсийг Шадар сайд, бүртгэлийг нь Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцах жишээтэй. Эдгээрийг нэгдмэл, гэхдээ давхцалгүй болгоно. Зөвхөн Улаанбаатарт төрийн 106 байгууллага эзэмшил газар дээрээ нийтийн орон сууц барьж, зарсан. Энэ нь Газрын тухай болон Иргэний хуулийн зөрчлөөс үүдэлтэй. Үүнийг ч засах ёстой” гэв. Мөн олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын үед өргөн барьж, хэлэлцэн, хууль бус явдлыг цэгцлэхээр төлөвлөж буйг дуулгав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан хэвээр байлгахаар ирэх оны төсвийн төсөлд тусгасныг хэллээ.