УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа эрх баригчдын амлалтыг дүгнэн хэлэлцжээ. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас таван бүлэг бүхий, 702 зорилттой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байна. Энэ удаа сөрөг хүчнийхэн эдийн засгийн чиглэлийн 100 гаруй зорилт нь хэрэгжсэн, эсэхийг онцлон ярилцсан аж. Бүлгийн хуралдааны талаар О.Цогтгэрэл “Бид цөөн хэдэн зорилтыг нь дүгнэхэд л ямар байгаа нь харагдлаа. Тухайлбал, Тавантолгойг түшиглэн кокс, метан болон нүүрсхимийн үйлдвэр барина гэж амласан боловч өнөөдөр юу ч алга. Хариуцсан компани нь бараг дампуурахдаа туллаа. “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон ч ямар үр дүн гарах нь тодорхойгүй байна. Мөн өнгөрсөн сонгуулиар эрх баригчид эх орноо, иргэдээ өрийн дарамтаас гаргахаа амласан. Харин өнөөдөр Засгийн газрын болон нийт өр хоёр дахин нэмэгдэж, нэг иргэнийх 30 сая төгрөгт хүрлээ. Гэтэл эрх баригчид өрийн хэмжээг багасгасан гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ. Ирэх оны төсвийг батлах гэж байгаа энэ үед Ардын намынхан дансны аргаар буюу бичилт хийхгүйгээр дахиад хэчнээн хэмжээний өр тавих гэж байгааг нь мэдэхгүй. Түүнчлэн газрын тосны үйлдвэр барьж, ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсоор 2025 он болов. Гэтэл уг төслийнхөн Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн өр тавьчихаад байна. Хамгийн гол нь авсан зээлээрээ үйлдвэрлэлийн ажилтай шууд холбоотой хэсгээ санхүүжүүлээгүй. Ажилчдын орон сууц, мухар төмөр зам гэх мэт хөрөнгө оруулалтад зарцуулсан” гэв.