Орос, Европын удирдагчид хэдхэн жилийн өмнө бол Лисбоноос Владивосток хүртэл сунайсан нэгдсэн том Европ бий болгохыг мөрөөдөж байв. Эдийн засгийн интеграц, тусгай зөвшөөрөлгүй дэглэм, Оросын байгалийн баялгийг Европын технологи, хөрөнгөтэй нэгтгэвэл тус тивийн бүх улсад сайхан хэтийн төлөв бий болно. Гэвч Москва, Брюссель хоёр жил өнгөрөх тусам биенээсээ холдож, Украины дайнаас үүдэн түншлэл, хамтын ажиллагааны тухай яриа улстөрчид, дипломатчдын ой санамжаас алга боллоо. Уг нь хүйтэн дайны үед ч ЗСБНХУ, Өрнөд Европын хэлхээ холбоо өндөр түвшинд байсан юм сан.
АНУ-д аймшигтай алан хядах ажиллагаа болоод хоёр долоо хоног өнгөрч байхад буюу 2001 оны есдүгээр сарын 25-нд Владимир Путин Бундестагийн индэрт гарч ирэв. Оросын Ерөнхийлөгчийн албыг нэг жилийн өмнөөс хаах болсон 48 настай энэ улстөрч зангиагаа засаад үгээ оросоор эхэлснээ германаар үргэлжлүүлж гарав. Оросын ард түмэн эрх чөлөөний үзэл санааг сонгож, Сталин маягийн тоталитар үзэл суртлаас татгалзаж байгааг тэр германчуудад хэллээ. Түүний хэлснээр үүний нэг нотолгоо нь Европын хуваагдлын гэрч болсон Берлиний ханыг нураах Зөвлөлтийн удирдлагын түүхэн шийдвэр аж. “Оросыг хэн ч, хэзээ ч өнгөрсөн рүү нь буцааж чадахгүйг чухам энэ сонголт харуулсан” гэж тэр мэдэгдлээ. Цааш нь “Өнөө цагийн аюулгүй байдлын тогтвортой бат бэх бүтэцгүйгээр тус тивд итгэлцлийн уур амьсгал бий болохгүй, итгэлцэлгүйгээр нэгдмэл Европ байх боломжгүй” гэв. Бундестагийн гишүүд удтал алга нижигнүүлж, хэвлэлүүд нь сүүлд “Путин Рейхстагийг авлаа” хэмээн бичиж байсан юм.
Өнгөрсөн зууны 20-30-аад онд Европын язгууртан дээдэс, оюун ухаантнууд нь Паневропын орон зай бий болгох талаар ярьж байжээ. Энэ яриа Дэлхийн II дайны дараа нэлээд хүчээ авсан байна. Нэгдмэл Европ бий болгох талаар анх ам нээсэн удирдагч нь Францын Ерөнхийлөгч Шарль де Голль юм. Түүний бодлоор энэхүү нэгдмэл Европ л дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх учиртай байв. Гэтэл нэгдмэл Европын тухай түүний томьёолол ЗСБНХУ-ын нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг нь тасална гэсэнтэй утга нэг байв. ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрушев үүнийг ЗХУ-ыг задлан бутаргах аюул занал гэж үзэж байлаа.
Үүнээс бараг 20 жилийн дараа ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёв нэгдсэн Европыг байгуулах сэдвийг сэргээн ярьж, Европ бол бүхэл цул, үзэл суртлын ялгаа зөрүү Европын орнуудын хоорондын харилцаанд нөлөөлөх ёсгүй. Бид өөр өөр орцоор орж, гардаг ч нэг байшинд амьдарч байгаа гэсэн байр суурьтай байв. Ийм маягаар өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн ертөнцөд өөрийн байрыг олохыг Орос эрмэлзэж байжээ. Европ дахины нэгдмэл гэр орон бий болгосноор энэ тивийн улс орнуудын хооронд зэвсэгт зөрчилдөөнийг бүрмөсөн алга болгочихдоггүй юм гэхэд багасгана гэж Москва итгэж байсан аж. Европ нь улс төрийн гол тоглогч төдийгүй Москвагийн эдийн засгийн чухал түнш, Орост өөрчлөлт шинэчлэлт хийхэд гадаад гол эх үүсвэр гэж үздэг.
Горбачёвын үзэл бодолд Европын удирдагчид талархалтай хандсаны дотор Францын Ерөнхийлөгч Франсуа Миттеран орж байлаа. Горбачёв 1985 онд анхны гадаад айлчлалынхаа үеэр Миттерантай уулзаж байжээ. Мөн онд Европын нэгдмэл зах зээл байгуулж буйг зарласан нь хожмын Европын Холбооны үндэс тавигдаж байсан хэрэг юм. Европын улсуудыг нэгтгэсэн Холбоо байгуулахыг худалдаа, энх тайван, аюулгүй байдлын нэгдмэл байгууллагатай болохыг 1989 оны арванхоёрдугаар сарын 31-нд Францын Ерөнхийлөгч Миттеран уриалав. Энэ уриалгыг Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер дэмжлээ. Тэрбээр Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийг бодвол илүү өргөн хүрээтэй, Зүүн Европын орнуудыг багтаах алс хэтдээ ЗХУ-ыг ч оруулах холбоо байгуулах үүргийг 1990 оны хоёрдугаар сард Гадаад хэргийн сайд Дуглас Хердэд өгсөн байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч эцэг Буштэй ярилцахдаа Европт аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага бий болгохын чухлыг онцолж байв. Шинэ Европын тулгын чулууг тавихад ХБНГУ НАТО-д элссэн явдал их нөлөөлсөн юм. Умард Атлантын цэргийн эвсэлд Герман элсвэл тус эвсэл дорно зүгт өргөжиж тэлэхгүй гэж 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, ХБНГУ-ын Канцлер Гельмут Коль нар Горбачёвт амлаж байсан аж. Бейкер дараахан нь эвслийн цэргийн дэд бүтэц Зүүн Германд л бий болохгүй гэсэн болохоос Зүүн Европыг бүхэлд нь хамруулж хэлээгүй хэмээн мэдэгдэж амлалтаасаа буцсан аж. ЗХУ бутарсны дараа түүний эрхийг өвлөсөн Орос Европын хөршүүдтэйгээ харилцаагаа идэвхжүүлсэн ч нэгдсэн Европ бий болгох ажил хойш тавигджээ.
Энэ тухай үзэл бодол 2010 онд жинхэнэ ёсоор сэргэв. Тэр үед Ерөнхий сайд байсан Путин Германы “Suddeutsche Zeitung” сонинд бичсэн өгүүлэлдээ Лисбоноос Владивосток хүртэл эдийн засгийн гар нийлсэн хамтын нийгэмлэг байгуулахыг санал болгожээ. Түүний бичсэнээр эдийн засгийн интеграц нь Оросын нөөц боломжийг Европын технологитой хавсруулах боломж олгох аж. Гэвч Путин Европын интеграцад санаа тавьж байхад Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан БНУ-уудын улс төрийн ирээдүйн асуудлаар Орос, Европын хооронд анхны зөрчил үүсэв. Хөрш байсан улсуудтайгаа холбоотны харилцаа, нөлөөгөө хэвээр хадгалах сонирхолтой атал Өрнөдийн орнууд Оросын нөлөөг сулруулахыг чармайж байлаа. Удалгүй энэ зөрчил 2003 онд Гүржид “сарнайн хувьсгал”, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Латви, Литва, Эстони руу НАТО хаяагаа тэлснээр 2004-2005 онд “улбар шар хувьсгал” тус тус өдөөв. Европын Холбооны эхлүүлсэн, Азербайжан, Армени, Беларусь, Гүрж, Молдова, Украинтай хэлхээ холбоогоо өргөжүүлэхэд чиглэсэн удалгүй “Оросын эсрэг” сэдэлтэй болсон “Дорнын түншлэл” Оросын сэтгэлийг эмзэглүүлж байв. Түүнээс гадна 2003 онд Британи, АНУ-ын шууд оролцоотойгоор Баку-Тбилиси-Жейханыг холбосон Азербайжан, Казахстаны нефтийг Өрнөдийн зах зээлд гаргах зорилго бүхий нефть дамжуулах хоолой барьж эхлэв. Европын Холбоотой Оросын харилцаа Америктай харилцаж буйгаас дутахааргүй дайсагналцсан байдалтай болж ирлээ. Орос, Өрнөдийн харилцаа хурцадсаар. Европын Холбооны бодлого АНУ-аас ихээхэн хамааралтай байгаа нь Москвагийн дургүйг онцгой хүргэх боллоо. Европын улсуудын дийлэнх нь элсэж орсон НАТО Орос хоорондын түгшүүртэй байдал ч нэмэгдсээр байв. Цэргийн аливаа үйл ажиллагааг талууд биенийхээ эсрэг чиглэсэн зорилго чиглэлтэй үйлдэл гэж үзнэ. Тагнуул туршуултай холбоотой хэл ам ч тасрахаа байжээ. Зөвлөлтийн тагнуулч Сергей Скрипалийг хордуулсан хэмээн Лондон эхлээд Москваг буруутгалаа. Цаашдаа Европын Нидерланд, Чех, Польш, Австри, Болгар, Герман, Итали улс үүнийг дэмжиж Оросыг шүүмжлэв.
Хоёр талын харилцаанд төвөгтэй байдал их байсан ч Европын Холбоо нь Оросын худалдааны томоохон түнш хэвээр байв. Оросын гадаад худалдааны эргэлтийн 35 гаруй хувь Европын Холбоонд ногдож байсан юм. Түүнээс гадна Европын Холбоо томоохон хөрөнгө оруулагч нь байв.
Их Европ бий болгох тухай яриаг шинжээчид, үйлдвэрлэл эрхлэгчид төдийгүй Европын холбооны удирдлага ч үргэлжлүүлж байна. “Орос бол яалт ч үгүй Европын улс. Лисбоноос Владивосток хүртэл сунайсан Европт бид итгэж байна” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2019 онд хэлж байсан юм. Францын удирдагч ийн мэдэгдсэн нь Оросыг Дорно зүгт толгойгоо эргүүллээ гэж үзсэнээс үүдсэн болгоомжлол байсан гэж Оросын шинжээч Дмитрий Суслов дүгнэж байлаа. Түүний бодлоор Орос, Хятад хоёр ойртож Их Европ биш Их Еврази бий болгоход хүргэнэ хэмээн Э.Макрон эмээсэн бололтой.
Алексей Навальныйг хордуулсан хэргээс хойш Орос, Европын холбооны харилцан ажиллагаа тогтож байсан суурь ганхсан юм. 2020 оны наймдугаар сарын 20-нд Томскоос Москва руу явж байхдаа онгоцонд Навальныйгийн бие муудаж, түүнийг Омскийн эмнэлэгт хэвтүүлснээ хоёр хонуулаад Берлинд аваачсан юм. Тэнд хийсэн шинжилгээний эцэст Скрипалийг хордуулсан “Новичок” гэдэг мэдрэлд нөлөөлдөг хор өгсөн гэсэн дүгнэлт хийсэн. Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон улстөрчид энэ тохиолдлыг шүүрэн авч Оростой харилцаагаа хурцатгахад ашиглалаа. Германы Канцлер Ангела Меркель улс төрийн сөргөлдөгчөөсөө салахыг оролдлоо гэж Оросын удирдлагыг зэмлэв. Оростой ажил үйлсээ урьдын байдлаар явуулах боломжгүй боллоо гэж Европ мэдэгдлээ. Москвад буцаж ирсэн Алексей Навальныйг баривчилж, улмаар шоронд хорьсноос Европын Холбоо Оросыг эрс ширүүн шүүмжлээд зогссонгүй хориг тавихаар сүрдүүлсэн юм. Ийм нөхцөлд ч “Лисбоноос Владивосток хүртэл” гэсэн Европын үзэл санааг булшлахыг Москва яарахгүй байв. 2021 онд Давосын чуулган дээр үг хэлэхдээ Владимир Путин нэгдмэл Европ байгуулахын чухлыг дахин мэдэгдэж, Европын улсуудыг өнгөрсөн үеийн айдсаасаа салахыг уриалав. Үүнээс сарын дараа Европын Холбооны өндөр дээд төлөөлөгч Жозеп Боррель Орост айлчилсан юм. Тэрбээр Гадаад хэргийн яаман дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Алексей Навальныйгийн хувь заяанд Европын Холбоо сэтгэл их түгшиж буй гэж мэдэгдэхэд нь Сергей Лавров хариуд нь хүний эрхийг зөрчсөн олон үйлдэлд Европын Холбоог буруутгаж түүнийг “найдваргүй түнш” гэж нэрлэв. Зөвшөөрөлгүй хийсэн цуглаанд оролцсоны улмаас Европын гурван дипломат ажилтныг Оросоос албадан гаргасан нь тодорхой болж, үүнийг Оросын Гадаад хэргийн сайдтай үдийн зоог барьж байхдаа Боррель дуулсан байна.
2021 оны туршид Орос, Өрнөдийн харилцаа улам бүр хурцдав. Зургадугаар сард Путин, Байден нар Женевт уулзсаны дараа хэсэгхэн хугацаанд амсхийсэн ч Британийн Defender хөлөг Крымын эргийн ойролцоо Оросын нутаг дэвсгэрийн усанд “хөл тавьснаар” гал дээр тос хийв. Дараагийн саруудад нь НАТО-гийн онгоцнуудыг замаас нь буцаахын тулд Оросын сөнөөгч онгоцнууд Балтын болон Хар тэнгисийн тэнгэрт байн байн хөөрч, арванхоёрдугаар сард эвслийн тагнуулын онгоц Тель-Авиваас Москва руу нисэж явсан иргэний хөлөгтэй золтой л мөргөлдчихөөгүй юм. Бий болоод буй санал зөрөлдөөнийг Өрнөдтэй хэлэлцээрийн ширээний ард ярилцах гэж 2022 оны нэгдүгээр сард оролдсон ч амжилт олсонгүй. Донбассын асуудлаарх “Нормандын дөрвөл”-ийн яриа хэлэлцээ ч бүрмөсөн мухардалд оров. Луганск, Донецкийн ардын БНУ-уудын тусгаар тогтнолыг хоёрдугаар сарын 21-нд Путин зарлаж, Киевээр Минскийн хэлэлцээрийг сахиулж чадаагүй Европыг буруутгаж энэ хэлэлцээр нэгэнт цаашид байх нөхцөлгүй болсныг маргааш нь мэдэгдэв.
Украинд дайны ажиллагаа эхэлснээр Орос, Европын Холбооны харилцааны авсны таганд сүүлчийн хадаас шигтгэж, Лисбоноос Владивосток хүртэлх орон зайд нэгдсэн Европ бий болгох бүх найдвар үгүй боллоо. Гэлээ ч яриа хөөрөө одоогийн нөхцөлд ч үргэлжилсээр, ганц Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон л гэхэд Путинтэй 100 гаруй цаг утсаар ярьсан байх юм. Оростой харилцан ажиллахаас татгалзахгүй байгаа Европын гол улсууд болох Франц, Германтай тогтоосон харилцаа хэтрүүлэггүй хэлэхэд нурчихаад байна. I Петр хааны үеэс хойших 300 жилийн хугацаанд Европ анх удаа Оросын хувьд технологи, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн эх үүсвэр нь байхаа болив. Эдийн засаг, улс төрийн хүчний шинэ төв нь Ази боллоо. Технологи, хөрөнгийн илүү ирээдүйтэй нийлүүлэгч, түүнчлэн Оросын нөөц баялгийн гол импортлогчоо Москва чухам эндээс олж харж байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант