“Орфей” театр хөшгөө Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр өнгөрсөн жил нээсэн. Эл жүжгийг В.И.Гётегийн “Фауст”-аар гараагаа эхэлсэн найруулагч М.Батболд найруулж, улмаар оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас шилдэг найруулагч, мөн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын драмын жүжгийн төрлийн шилдэг найруулагчийн шагнал хүртсэн юм. Тэгвэл “Орфей” театр удаах уран бүтээлээрээ АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэж буй. Үүнийг найруулагч М.Батболд найруулж, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны зураачаар О.Булган нар ажилласан байна. Тус жүжгийг өнгөрсөн сард “Хүн” театрт толилуулсан бол энэ сарын 7-ноос Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн аяны хүрээнд Монголын хүүхдийн ордны тайзнаа үргэлжлүүлэн тоглох болжээ.
ОЛОН ӨНГИЙН ГЯЛБАА
АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггин “Everybody loves Opal” жүжгийн зохиолоо 1960 онд бичсэн бөгөөд 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт анхлан амилуулж, түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онд дэлхийн театруудад тавигдаж байв. Ингэхдээ зөвхөн “Everybody loves Opal”-аар бус, “Dear Pamela” гэх нэрээрч хүргэж байжээ. Харин “Орфей” театрынхан “Опал” нэрээр хүргэхээр сонгож. Ингэсэн нь ч учиртай болов уу. Гайхалтай өнгөний зохицол бүхий опал чулуу алмаз, бадмаараг, индранил, маргад эрдэнэтэйижил үнээр худалдагддаг төдийгүй харагдах байдал нь орчлон ертөнцийг агуулсан мэт алаглаж үзэгддэг. Мөн хайрын бэлгэдэл ч гэж үздэг аж. Тиймээс тус театрынхан “Опал” гэдэг нэрээр, мөн нэн ховордсон эл чулуугаар сайхан сэтгэл, хүн чанар, хайр түгээхийг хүссэн, зорьсон гэж жүжгийн ерөнхий продюсер Т.Ариунчимэг онцолсон юм. Харин найруулагч М.Батболд “Хүнтэй нь биш, хөрөнгө мөнгөтэй нь, хүн сэтгэлтэй нь биш, хүсэмжит биетэй нь амьдрах болсон энэ цаг үед хүний сайхан сэтгэл гээч ямар дүртэйг, түүнээс ямар чимээ гардгийг үзүүлэхийг хичээсэн” хэмээлээ. Сонгодгуудыг “барьдаг” найруулагч энэ удаа эл зохиолыг яагаад тайзнаа амилуулахаар шийдсэн нь харагдаж буй биз ээ. Угзохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг жүжиг болгохоор бодож явсан ч өөрөө тавилгүй шавьдаа өгснөөр М.Батболд тайзнаа ийн амилуулжээ. Өөрөөр хэлбэл, “Опал” бол багшаас шавьдаа өгсөн даалгавар аж.
ДӨРВӨЛЖИН САГС
“Фауст” жүжигт М.Батболд Мефистофель чөтгөрийг 10 хувилж, тэр бүр нь том, жижиг шоо дөрвөлжин чирч харагддаг. Энэнь жүжгийн тайз болох төдийгүй жүжигчдийн тээш, ачаа, тэр ч бүү хэл жижиг хэрэглэл ч болдог. Харин “Гэм зэм”-д тэрбээр дөрвөлжин дотор жүжигчдээ тоглуулсан. Дөрвөлжин тайз эргэнэ, өргөгдөнө, доош бууна. Тэр орон зайд дүрүүд амилна. “Опал” мөн л дөрвөлжин дотор өрнөнө. Гэхдээ хажуулдаад уначихсан сагс. Нэг бодлын амьдрал бол сонголт, яг л дэлгүүрээс хүссэнээ сонгоод сагсанд хийдэг шиг гэж буй мэт. “Опал”-ын “сагс”-нд юм юм бий, тэндээс хүссэнээ авч чадвал. Хуурамч үнэртэй ус савлаж зардаг луйварчид хог түүж амьдардаг нууцлаг нэгэн эмэгтэйн оромжид ирнэ. Тэд цагдаагаас зугтах шаардлага гарсан тул тэр оромжид бүгэх ажээ. Эл настай эмэгтэйн амь насаа даатгуулаагүйг луйварчид мэдсэнээр үйл явдал цааш хөвөрнө. Мэдээж сагсан дотор. Тэнд сайн, муу холилдон багтжээ.
ПОСТДРАМ, САРКАСТИК МЕЛОДРАМ
“Фауст”, “Гэм зэм”-ийн дараа театрын урлагт шимтэгсэд түүнээс М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр” ч юм уу, түүнээс илүү сонгодог, эсвэл “хүнд”-ийг хүлээж байсан нь нууц биш. Гэтэл тэр “Опал”-ыг сонгочихсон. Яагаад гэдгийн шалтгааныг дээр дурдсан учир энд дахин нуршилгүй орхиё. Өмнөх жүжгүүдээ постдрам хэмээн онцолж байсан М.Батболд “Опал”-аа саркастик мелодрам гэж онцгойлсон. Постдрам бол театрын өөрчлөлтийн нэг хэлбэр, мэдрэмж, логикийн гүнд бодсон орчин үеийн шийдэл. Харин саркастикийг өдөөн хатгасан инээдэм гэхэд хилсдэхгүй. Өмнө нь нийгмийн согогийг буй чигээр нь ёг хийтэл хатгаж үзүүлсэн бол одоо ёжилж харуулъя гэж зорьсон болов уу.
ДОЛООН ТӨРХ
Багшаасаа даалгавар авчихаад хамгийн их тархиа гашилгасан нь хэрхэн дэглэх бус, хэнийг тоглуулах вэ гэдэг л байсан хэмээннайруулагч дурдсан. Тэрбээр “Жүжигчдийн асуудал хэцүү. Тэр тусмаа гол дүрд хэнийг тоглуулах вэ гэдгийг багш бид хоёр их ч ярилцсан. Гэнэтхэн л Опал чинь ерөөсөө л О.Энхтуул эгч юм байна шүү дээ” гэсэн бодол зурсхийгээд ороод ирсэн” гэлээ. Нээрэн л О.Энхтуул Опал юм билээ. 15 шахам жил тайзан дээр гараагүй түүнийг тайз, тэрбээр тайзаа санасан мэт “тас тэврэлдэж уулзсан”. Опал Кронкийд тоглосон О.Энхтуул тайзнаас төсөөрсөн бус, харин ч улам нягт болсон мэт харагдсаныг онцолъё.
Опал жүжиг долоон дүртэй. Сая дурдсан Опалыг бусад зургаан дүр тойрон эргэлдэнэ. Нууцлаг, хөгшин хатагтай Опалынд толгой хоргодохоор ирсэн дээрэмчин Соломон Бозо, Глориа Гулак, Брэдфорд Винтер, Опалын үнэнч найз, шударга цагдаа Жо Янки, мөн эмч, театрын хүн.
М.Батболд найруулагч уран бүтээл бүртээ санаанд оромгүй жүжигчдийг сонгож, олны анхаарлыг татдаг. Нэг талаас маркетингийн бодлого ч байж мэднэ. Нөгөө талаас тухайн уран бүтээлчийг өөрөөр харуулах гэсэн түүний хор шар ч байж мэднэ. Тухайлбал, “Фауст”-д тэрбээр Гавьяат жүжигчин Л.Баттулга, жүжигчин Т.Бархүү нарыг Мефистофельд хувиргаж Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэтэй “тулалдуулсан”. Харин “Гэм зэм”-д “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагвыг Родя Раскольников “болгочихсон”. Энэ удаа тэрбээр мөн л тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчдээс “түүжээ”. Учир нь СУИС төгссөнөөсөө хойш тайзны уран бүтээлд тоглолгүй дэлгэцийнхээр дагнасан жүжигчин Э.Чинзоригийг театрынхүнд сонгосон байв. Сонирхолтой дүр юм. “Опал” жүжгийн хамгийн чухал, бас чамин дүр гэхэд хилсдэхгүй. Эхлээд харахад зүгээр л нэг жүжгийн өгүүлэгч юм шиг, ухаад үзвэл угтаа бүр бурхан ч юм шиг. Дүрээ Э.Чинзориг үүрээд гарна лээ. Дахин тайзны өөр уран бүтээлээс түүнийг харах сан гэсэн хүсэл оволзсон. Гэмт хэргийн бүлэглэлийн Соломон Бозод Гавьяат жүжигчин Н.Онон, Глориа Гулакт Т.Ариунчимэг, Брэдфорд Винтерт УДЭТ-ын жүжигчин Т.Сэр-гэлэн тоглов. Брэдфорд Винтерийн дүрийг, жүжигчин Т.Сэргэлэнгийн ур чадварыг онцлохгүй байх аргагүй. Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгийн Жаргалаар гол дүрийн гараагаа эхэлж, Э.Оюуны “Би эндээс явахгүй”-н Дорлиг, Л.Толстойн “Анна Каренина”-гийн Вронскийгоор буухиалсан тэрбээр энэ удаа хүний мөсгүй дээрэмчин Брэд “болжээ”. Мөн УДЭТ-ын жүжигчин Д.Баттөмөрийн Жо Янки цагдаагийн дүрийг дурдалгүй өнгөрч болохгүй. Яг таг гүйцэтгэлтэй, хийх ёстойгоо хийсэн шиг хийчихдэг жүжигчин гэдгээ өөр театрын тайзан дээр тэрбээр баталчихлаа. Амьдралынхаа талаас илүүг тайзан дээр, эсвэл камерын өмнө өнгөрүүлсэн Төрийн шагналт Ц.Төмөрбаатарын даатгалын ажилтан, эмчийн дүр “Опал” жүжигт ганцхан үзэгдэл гарна. Чамлам ч гэлээ хамгийн “амттай” хэсэг.
Бэлтгэсэн А.Тайшир