Жүжигчин Б.Амарсайхан, продюсер С.Уран нар “17” продакшн байгуулж, өнгөрсөн гуравдугаар сард “Хохирогч” нууцлаг, ээдрээт, сэтгэл зүйн драм төрлийн 10 ангит киног үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл тус хамт олон Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн “Harvest moon” буюу “Эргэж ирэхгүй намар” кино бүтээсэн. Б.Амарсайхан эл бүтээлээ найруулахын зэрэгцээ гол дүрд нь Г.Тэнүүн-Эрдэнэтэй хамтран тоглосон юм. Эл бүтээл Канадын Ванкувер хотод зохион байгуулдаг олон улсын кино наадмын үеэр дэлхийн нээлтээ хийх эрх авсан билээ. Тодруулбал, 41 дэх удаагаа болсон Ванкуверын наадмын үеэр “Эргэж ирэхгүй намар” киног Канадын алдартай “Vancity theatre” болон “Сinematheque” кинотеатрт олны хүртээл болгосон. Тус уран бүтээлийг өдгөө Америкийн кино академиас зохион байгуулдаг “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын олон улсын шилдэг уран сайхны кино шалгаруулах номинацын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт оруулж буй аж. Өнөө жил тус номинацад 93 бүтээл ирүүлснээс 15-ыг нь сүүлчийн шатанд шалгаруулж, ирэх сарын 21-нд зарлах юм. Тэдгээрээс тав нь “Оскар”-т нэр дэвших эрх авах гэнэ. Нэр дэвшигчдийг ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлах нь.
Бэлтгэсэн А.Хангай