“Уухай” хамтлаг монгол үндэстний соёлын өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвиж буй. Тус хамтлагийнхан 2020 онд уран бүтээлийн гараагаа “Хүн сүрэг” дуугаар эхэлсэн. Тэгвэл өдгөө 16 уран бүтээлтэй болжээ. Тэдгээрээс гурвыг нь дүрсжүүлэн үзэгчдэд хүргэсэн байна. Тэгвэл тун удахгүй анхны дуугаараа нэрлэсэн цомгоо сонсогчдод хүргэхээр төлөвлөжээ. Эл цомогт багтсан “Хурай” дууныхаа клипийг энэ сард “цацах” аж. Түүнчлэн дэлхийн тавцанд эх орноо сурталчлах зорилготой тус хамтлаг ирэх 2023 онд олон улсын хөгжмийн наадмуудад оролцохоор төлөвлөж, гэрээ байгуулж эхэлсэн байна. Ташрамд сонирхуулахад, эртний баатар эрс нь уухайлах сүр хүчин дор нэгдэж, өөрсдийн амиа үл хайхран, хөх тэнгэр, нар, сар, од, газар уул усандаа уухайн түрлэгээр дуу хоолойгоо нэгтгэн амин эрчмээ мандааж дайн тулаанд орж байсан түүхтэй. Уухайлах нь сайн сайхан хүсэл, бодол, сэтгэлийг бадрааж, энерги хуримтлуулсан эртний тарнитай сүнслэг үг. Эл түүхээс улбаалж хамтлагаа “Уухай” хэмээн нэрлэсэн гэж продюсер Д.Отгонбаатар онцолсон юм.
Бэлтгэсэн А.Хангал