“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр 2019-2021 онд турш дэлхий нийтээрээ туйлдаж гүйцсэн. Тийм хэдий ч дэлхийн улс орны удирдагчид хариу арга хэмжээг шуурхай авсан. Ихэнх орон хилээ хааж, хатуу хяналт тавьж байсан ч гадаадаас ирсэн иргэдээ эргэлзэх зүйлгүйгээр хил нэвтрүүлсэн. Харин монгол хүн эх орондоо ирэхийн тулд амь нас, эрүүл мэндээ зольж, хайртай дотнын хүмүүсээ алдсан гашуун түүх хоёрхон жилийн дотор хэдэнтээ давтагдсан. Ийм хатуу хэцүүг даван туулсан монголчууд нэгдэж, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ байгуулан, АНУ, БНСУ, ОХУ, Турк, Тайвань, Нигери, Англид гацсан монголчуудын талаар баримтат кино хийсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал “Эх орондоо л очихсон” баримтат киноны зохиолыг бичиж, хүү З.Батбилэг нь найруулжээ. Оны эхэнд “Гэгээнтэн” кинотеатрт уг бүтээлийн нээлт болж, цөөн хүнд үзүүлж байсан. Учир нь “Zoljargal and sons” студи киногоо олон улсын наадамд өрсөлдүүлсэн юм. Харин эл өдрүүдэд “Эх орондоо л очихсон” баримтат кино Тэнгис кинотеатрын тайзнаа энэ сарын 5-7-ны хооронд гарах аж.
“Эх орондоо л очихсон” киноны оролцогч, иргэн Т.Даваасүрэн “Нөхрийнхөө ходоодыг эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Гэвч тус улсын эмч нар найдваргүй гэж хэлсэн учир нь нутаг буцахаас өөр сонголт үлдээгүй. Гэтэл Монгол Улс хилээ хаачихсан. Улмаар 2020 оны тавдугаар сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандаж, нутаг буцах хүсэлтээ цахимаар гаргасан. Бүтэн сар хариу өгөөгүй тул очиж асуухад цахим захидлыг минь нээж ч хараагүй байсан. “Үхэл амьдралын заагт ирсэн нөхрөө үр хүүхэдтэй нь уулзуулъя” гэж ЭСЯ-ныхнаас уйлан хайлан гуйсаар 2020 оны долдугаар сарын 2-нд нутаг буцсан. “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан нөхөр минь нүдээ аньж, удаан гэгч нь гараа алдлан зогссон. Эх орон, үр хүүхдээ их л санаж дээ хэмээн өрөвдөж л байлаа. Гэтэл юун үр хүүхэдтэй минь уулзуулах, биднийг шууд л 21 хоног тусгаарлана гэсэн. Уг нь бидэнтэй хамт онгоцоор ирсэн бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Би учир байдлаа эмч нарт хэлснээр биднийг зочид буудалд бус, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Эмнэлэгт 10 хоноод 11 дэх хоногт эмч биднийг есдүгээр давхар луу сэхээний тасаг руу шилжүүлэхээр болсон. Эмнэлэгт тусгаарлагдах үед коридор луу гарахыг зөвшөөрөхгүй, өрөөнөөсөө толгойгоо цухуйлгахыг ч хориглож байв. Харин сэхээний тасаг руу шилжихийн өмнөх өдөр эмч, сувилагч нар “Маргааш есдүгээр давхрын тасаг руу шилжинэ. Наадам болж байна даа. Ядаж цонхоор ч болтугай үр хүүхдүүдтэйгээ уулзчих” хэмээсэн. Ингээд бид коридорын цонхоор харж, хүүхдүүд цонхны эсрэг талд эгнүүлсэн чингэлгүүд дээр гарч, алсаас ч болтугай бараа бараагаа харж, утсаар ярьж уйлж, уулзсан. Хүүхдүүдээ харсныхаа маргааш нь хань минь өөд болсон. Би харуусаж, бачимдаж, гомдсондоо болоод цонхоор унаад үхчихмээр санагдсан. Гэвч гэртээ хүлээж буй үр хүүхдээ бодож тэвчсээр үлдсэн 10 хоногоо дуусгасан. Ингээд тусгаарлалтаас гарч, нөхрийнхөө хойдын буяныг хийсэн” хэмээн уйлан хайлан ярьсан удаатай.
Мөн Иргэн Б.Баярчимэг ээж, аавыгаа баярлуулахаар БНСУ руу авч явжээ. 30 хоногийн визтэй явсан тэрбээр байдал хэцүүдэхэд ээж, аавыгаа нэн тэргүүнд нутаг буцаасан гэнэ. Харин өөрөө нутагтаа очиж чадахгүй Солонгост зургаан сар гацжээ. Улмаар арайхийн эх орондоо ирэхэд нь 21 хоног тусгаарлан, гурван удаагийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан ч гэртээ харихыг зөвшөөрөөгүй байна. Энэ хугацаанд ээж нь нас баржээ. Тусгаарлалтаас гарсан Б.Баярчимэгт оршуулгын газарт хүйтэн чулуу тэвэрч уйлахаас өөр сонголт үлдээгүй гэдгийг хэлсэн. Мөн хэдэн сарын дараа аав нь “Ковид-19”-ийн улмаас эндсэн бөгөөд УОК-оос бас л салах ёс хийх боломж олгоогүй гэнэ. Хүний нутагт мөнгөгүй, байргүй болж сэтгэл зүйн дарамтад орохын хэцүүг үгээр хэлшгүй. Харин манай төрийнхөн тусгай үүргийн онгоцонд багтаахын тулд “ёндоо” нэртэй 3-7 сая төгрөг нэхэж байсныг иргэд баримттайгаар өгүүлжээ.
Энэ мэтээр улс хилээ хааж, иргэдээ гадуурхсанаас үүдэн олон олон хүн хайртай дотно үрс, ээж, аав, хань ижилтэйгээ уулзаж чадахгүй сэтгэлийн шаналал амсаж, бэрхийг туулсан. Үүнээс үүдэн гадаадад гацсан монголчуудын зарим нь амиа хорлож, архинд орж, мансуурч, сэтгэцэд нь өөрчлөлт орсныг уг кинонд баримттайгаар үзүүлсэн байна. Ийнхүү цар тахалд нэрвэгдэхээс илүүтэй төр, засгийн алдаатай бодлого, шийдвэрүүдийн золиос болж, хайртай хүмүүсээ үүрд алдсан, эрхээ зөрчүүлсэн олон хүн баримтат кинонд хувь нэмрээ оруулж, бодит үнэнийг дэлгэжээ. Мөн уг киногоороо дамжуулан Монгол хүний тусч, биесээ гэсэн өгөөмөр сэтгэлийг харуулсан байна. Жишээ нь, БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор Монгол руу ирж байсан долоон сартай жирэмсэн эмэгтэйн ус гэнэт гарсан байна. Азаар онгоцонд сувилагч, эмчийн мэргэжилтэй зургаан хүн сууж таарчээ. Улмаар нэгнээ танихгүй зургаан эмэгтэй харц харцаараа ойлголцон, суудлаа зэрэг өндөлзөж, онгоцны багахан буланд ихэр хүүхэд эх барьж авчээ. Эхний нярайг гаргаж авснаас хойш 19 минутын дараа дараагийн хүүхдийг эх барьж авсан аж. Гэтэл хүүхдийн зүрх зогсож, онгоцныхныг сандаргасан байна. Харин эмч нар нярайн зүрхэнд 5-6 минутын турш массаж хийснээр амьсгалж эхэлжээ. Онгоц газардахад хүүхдүүдэд залгасан сүүлчийн хүчилтөрөгч дуусаж, азаар дараагийн шатны тусламжийг амжиж хүргэжээ. Өдгөө хүүхдүүд эсэн мэнд бойжиж байна. Тухайн онгоцонд сууж явсан эмч нарын зарим нь сүүлийн 20 жил мэргэжлээрээ ажиллаагүй байсан гэдэг. Мөн АНУ-ын Сиэтл хотод амьдардаг С.Мөнхмөр Америкт нисэх онгоцны буудал дээр гацсан, хэдэн мянган монгол хүнд нөмөр нөөлөг болж, гэртээ урьж хонуулж, хүнс залгуулж байжээ. Нигери улсад гацсан Т.Оюуноминд монголчууд хоёр хоногийн дотор 3400 ам.доллар цуглуулан өгч нутаг буцахад нь тусалсан байна. Харин төр, засгийнхан иргэдийнхээ эрхийг ч хангаа чадаагүй, харин ч бүр хахир хатуу зан гаргасныг баримтат кинонд тод томруун харуулжээ. Уг нь Үндсэн хуульд зааснаар монгол иргэн хэдийд ч эх орондоо эргэж ирэх эрхтэй билээ.