Энэтхэгийн Шинэ-Дели хотод туухай өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 27-31-нд боллоо. 18 орны 240 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монголоос 68 кг-ын жинд дэд ахлагч Э.Буджав түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр өдгөө ОХУ-ын Кострома хотод суралцаж буй бөгөөд цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн III курсийн оюутан. Зэвсэгт хүчний туухай өргөлтийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан тэрбээр хойд хөршид суралцах хугацаандаа туухайгаар тууштай хичээллэжээ. Үүний үр дүнд энэ жил Азийн АШТ-д хүч сорьж, хошой мөнгөн медаль авсан. Мөн олон улсын “Цагаан шөнө” тэмцээнээс алтан медаль хүртжээ. Түүнчлэн Кострома хотын аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан удаалж, хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд III байр эзэлсэн байна.