Хийж байгаа ажлаа хэзээ ч голж үзээгүй, 10 хүүхдээ тэжээхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа өрх толгойлсон ээж С.Энхтуяагийн нэг өдрийн амьдралыг “Өнөөдрийн дуранд” буландаа онцлон хүргэж байна.
Тэрбээр, хүүхдүүдээ хоосон хонуулахгүйн тулд хүйтэнд хөрж, халуунд халсан ч “Долоон буудал”-д 35 жил шулсан яс, нохойн хоол зарж өдийг хүрчээ. Нохойн хоол зарахаас өөр ажил хийх сонирхол байгаа, эсэхийг асуухад “Наймдугаар ангиа төгсөөд л амьдрахын төлөө нохойн хоол зарж эхэлсэн. Ажилд орох гэхээр маш олон зүйл шаарддаг учир эндээ нохойн хоолоо зарах нь амар санагддаг” гэлээ.
Түүнийг “Долоон буудал”-д танихгүй хүн бараг үгүй аж. “Бүдүүнээ, гэхээр намайг эндхийн хэн нь ч андахгүй мэднэ” хэмээн инээмсэглэл тодруулна. Хажуугаар нь өнгөрсөн хүн болгон “Бүдүүнээ, ажил нь хэр байна, гүйлгээ сайн уу” гэх зэргээр мэндлэх юм. Ажлаа хийж байхад нь жинхэнэ нэрээр нь дуудах хүн ховор гэнэ.
Энхтуяа ам бүл 10-уулаа. Гурван хүүхэд нь нас биед хүрсэн ч хөгжлийн бэрхшээлтэй учраас ажил хийх боломжгүй гэнэ. Харин бусад хүүхэд нь цэцэрлэг, сургуульд явдаг байна. Нөхөр нь олон жилийн өмнө нас барсан аж. Тэрбээр, үр хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд 8.00 цагаас үдшийн бүрий болтол хүйтэн, халууныг үл хайхран тасралтгүй “Нохойн хоолоо аваарай” гэж хэн бүхний чихэнд сонсогдохоор хэлнэ. Заримдаа орлого муу үед хэчнээн хүйтэн байсан ч 23.00 цаг хүртэл зогсох тохиолдол цөөнгүй гэлээ.
“Дэнжийн 1000”-аас нохойн хоолоо бөөндөж авч зардаг. Тухайлбал, шулсан хоосон яс, элэг, өвчүү, хоолны үлдэгдэл, толгойны мах зэрэг дайвар бүтээгдэхүүнийг ууталж, 2000-3000 төгрөгөөр борлуулдаг. Өдөрт дунджаар 20-50 мянган төгрөгийн орлоготой. Заримдаа нохойн хоолыг хүмүүс бөөндөж авбал 100 мянган төгрөгтэй болох өдөр ч түүнд байдаг. Бас зарагдахгүй үлдсэн тохиолдолд нохойны хоолоо гэрүүгээ таксигаар аваачаад, өглөө мөн хэмжээний зардал гаргаж ирдэг.
Өдөрт зарагдсан нохойн хоолны тооцоогоо хүрэн том тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэнэ. Түүний хувьд эл дэвтэр ажлынх нь хамгийн чухал зэвсэг гэлтэй. Учир нь орой гэртээ хариад өдөрт олсон ашиг болон маргааш юу юу худалдан авч борлуулахаа төлөвлөдөг гэнэ.
Тэр их эелдэг. Түүнээс нохойны хоол авахаар ирсэн хүн болгонтой уриалхан, найрсаг харьцана. “Долоон буудал”-ын автобусны буудалд амьдралаа залгуулахын тулд олон янзын зүйлс зарж борлуулдаг түүн шиг хэдэн арван хүн бий. Товчхондоо, амьдралаа нуруун дээрээ үүрч яваа олон мянган ээжийн төлөөлөлтэй хөөрөлдөв. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голохгүйн нэгэн жишээ гэвэл түүнийг хэлмээр. Хэзээ ч нохойн хоол зарж байгаадаа шантарч, хойш суугаагүй амьдрахын төлөө зүтгэж буй нэгэн эмэгтэйн нэг өдрийн ажилтай ийн танилцлаа.