Норвегийн старт-ап “Desert control” компани цөлийг баянбүрд болгох технологи бүтээжээ. Энэ нь нано төлөвт ердийн шаварт суурилсан технологи аж. Манай гаргийн цөл газрын хүрээтэлж, тариалан эрхлэхэд газар улам л тохиромжгүй болж буй. Жил бүр Йордан, Кувейт, Ливан зэрэг улсын дэвсгэр нутгийн дайтай газар цөлжиж, нэг тэрбум гаруй хүний хүнсний аюулгүй байдалд заналхийлэх болсон. Дэлхийн дулаарал, эрчимжсэн газар тариалан, ой мод тайрч байгаа нь цөлжих шалтгаан болж байна.
Норвегт төвтэй, Дубайд салбартай тус компанийн зохион бүтээсэн нано шаврыг устай хольж, цацахад цөлийн хөрсөн дээр усыг хөвөн шиг барьдаг 40-60 см зузаан давхарга бий болох аж. “Desert control” компанийн ерөнхий захирал Оле Кристиан Сивертсений ярьснаас үзвэл эл шинэ технологийг ашигласнаар цөл 7-15 жилийн дараа үржил шимт хөрстэй болно. Ус, шавраас гадна хольцын найрлагад тэжээллэг бодис, мицели гэдэг утсан мөөг ордог бөгөөд энэ нь ургац сайн гарч, хольц хийсэж алга болохоос сэргийлдэг аж. Тус компани Сенегалын цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцтой хамтран ажилладаг. Энэ санаачилга нь 10 орчим жилийн өмнөөс эхэлсэн “Их ногоон хэрэм” төслийн нэг хэсэг бөгөөд Сенегалаас Жибути хүртэл 8000 км цөлийг үржил шимт газар болгон сэргээх зорилготой юм.