Шри Ланкагийн зохиолч Шехан Карунатилака “Маали Алмейдагийн долоон сар” зохиолоороо 2022 оны Букерийн шагнал хүртлээ. Англи хэлээр бүтээлээ туурвидаг зохиолчдын хувьд хамгийн нэр хүндтэй энэ шагналын эзнийг тодруулах ёслол Британийн нийслэл Лондонд болов. Хошигнолоор дүүрэн уг номд дайны үеийн гэрэл зурагчин Маали Алмейдад хойд насанд нь тохиолдсон адал явдлуудыг өгүүлдэг аж. Тэр ертөнцөд түүнд долоон сар байх бөгөөд тэдгээрийг хайртай хүмүүсээ Шри Ланкаг донсолгосон гэрэл зургууд бүхий нуувч руу хөтлөхөд ашигладаг гэнэ. Букерийн шагналын Шүүгчдийн зөвлөлийн дарга, Британийн урлаг судлаач, зохиолч Нил Макгрегор ялагчийг зарлахдаа Ш.Карунатилакагийн зохиолыг янз бүрийн төрлийн төдийгүй амьдрал ба үхэл, бие ба сүнс, Дорно ба Өрнийн хил хязгаарыг арилгасан метафизик триллер, хойд насыг харуулсан роман болохыг онцолжээ. Үүний сацуу Шри Ланкагийн иргэний дайны цуст, аймшигт үйл явдлуудын дунд өрнөж буй уг бүтээл нь уншигчдад эмзэглэл, гоо үзэсгэлэн, хайр, үнэнч байдал, өөрийн гэсэн хүсэл эрмэлзлийг олж мэдэх боломж олгосон бүтээл гэдгийг тэрбээр тэмдэглэсэн юм.
ЭЛДЭВТЭЙ НЭГЭН
Шехан Карунатилака 1975 онд Шри Ланкагийн өмнөд нутгийн Галле хотод мэндэлсэн. Гэсэн ч ирээдүйн зохиолч түүний бага нас нийслэл Коломбо хотод өнгөрчээ. Тэрбээр улсдаа шилдэгтсургуульд тооцогддог, хувийн хэвшлийн, С.Томасын нэрэмжит хөвгүүдийн дунд сургууль төгсжээ. Дараа нь Шинэ Зеландын Хойд Палмерстон хот дахь, дэлхийн шилдгүүдийн тоонд багтдаг Мэссигийн их сургуульд Британийн уран зохиол, бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна. Үүний дараа Лондон, Амстердамдажиллаж, амьдарч байгаад, өдгөө Сингапурт суурьшжээ.
2010 онд анхны романаа хэвлүүлэхээс өмнө “McCann”, “Iris”, BBDO зэрэг сэтгүүлийн сурталчилгааны багт ажиллаж байсны сацуу “Guardian”, “Newsweek”, “Rolling stone”, GQ, “National geographic”, “Conde nast”, “Wisden”, “Cricketer”, “Economic times” зэрэг сэтгүүлд бичдэг байв. Түүгээр зогсохгүй Шри Ланкагийн рок “Independent square”, “Powercut circus”, “Brass monkey band” хамтлагт басс гитар тоглож байсан гэнэ.
БҮТЭЭЛЭЭРЭЭ ЭХ ОРНОО СУРТАЛЧЛАГЧ
“Зураач” хэмээх анхны гар бичмэл нь Шри Ланкагийн оршин суугчийн англи хэлээр бичсэн шилдэг уран бүтээлд жил бүр олгодог Гратьяен шагналын богино жагсаалтад орсон боловч хэвлэгдээгүй аж. Шехан Карунатилака 2010 онд өөрийн зардлаар, анх удаа хэвлүүлсэн “Хятад хүн: Прадип Мэтьюгийн домог” романдаа крикетийн спортыг эх орныхоо түүхийг судлах хэрэгсэл болгон ашигласан байна. Хамгийн алдартай бүтээлүүдийнх нь нэг болох энэ ном шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, олон шагнал хүртжээ.
Энэ зохиолд 1980-аад онд Шри Ланкагийн крикетийн сураггүй болсон тоглогчийг хайсан архичин сэтгүүлчийн эрэл хайгуулын түүхийг өгүүлдэг. Уг түүхийг эмгэнэлтэй хэрнээ инээдтэй, бас нууцлаг явдал хийгээд согтуу дурсамж хэмээн тодорхойлсон байна. Үйл явдал нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шри Ланка түрүүлсний дараа тус улсад 1999 онд буюу иргэний дайны (түүнээс хойш арван жил үргэлжилсэн) үеэр өрнөдөг. Ихэнх үйл явдал нь нийслэл Коломбогийн гудамжинд, крикетийн тэмцээн, айл, бааранд болдог аж. Энэ түүхийг өгүүлэгч нь 64 жил спортын сэтгүүлчээр ажиллахдаа архи ууж, крикетийн тэмцээн үзэхээс өөр юу ч хийж гавилгүй тэтгэвэрт гарсан В.Г.Карунасен гэгч. Эмч нар элэг нь өвчилснийг мэдэгдэхэд тэрбээр өмнө нь харж байсан хамгийн агуу нэгэн болох, 1980-аад оны сүүлчээр Шри Ланкагаас ирсэн, солгой ээрэгч Прадип Мэттьюг хайж олохоор шийдсэнээр үйл явдал өрнөдөг ажээ.
2012 оны тавдугаар сарын 21-нд эл роман нь Ази дахь Хамтын нөхөрлөлийн орнуудын Номын шагналын бүс нутгийн ялагчаар, дараа сард нь гол эзнээр тодорч байв. Тэрчлэн уг роман болон зохиогч нь 2008 оны Гратьяен, 2012 оны Өмнөд Азийн уран зохиолын DSC шагналыг хүртсэн аж. Энэтхэг, Британид маш их сурталчилж, хэвлэсэн уг зохиолыг Британийн номын худалдааны “Waterstones” компани 2011 оны шилдэг бүтээлүүдийн нэгээр шалгаруулж, “Шакти Бхаттын анхны роман” шагналын богино (шилдэг бүтээлийн) жагсаалтад багтсан байна. Уг романы сингал хэлээрх орчуулгыг 2015 онд хэвлүүлжээ. 2019 оны дөрөвдүгээр сард “Wisden” групп “Хятад хүн: Прадип Мэтьюгийн домог”-ийг крикетийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгээр хүлээн зөвшөөрчээ.
Шехан Карунатилакагийн хоёр дахь роман болох, сүнсний тухай эмгэнэлт инээдмийн “Үхсэн хүмүүстэй хийсэн яриа” зохиолыг Британийн “Penguin” хэвлэлийн газрын Энэтхэг дэх салбарт 2020 онд хэвлэсэн байна. Мөн л Шри Ланкагийн иргэний дайны үед өрнөж буй үйл явдал нь өөрийн амь үрэгдсэн нууцыг тайлах үүрэг хүлээсэн дайны гэрэл зурагчны сорилт, ёс суртахууны бэрхшээлийг өгүүлдэг. “Үхсэн хүмүүстэй хийсэн яриа” нь хойд насандаа өөрийгөө олж, амьдрал, ажил, харилцаа, үхэлтэйгээ эвлэрэх сүнсний тухай түүх аж. Детектив зохиол шиг бүтэцтэй эл түүх нь дайны гэрэл зурагчин Маали Алмейд хэмээх урвагчийн тухай өгүүлдэг. Дайны тухай дурсамж, ёс зүйн асуудалтай, ээж, албан ёсны найз охин, нууц найз залуутайгаа эвгүй харилцаатай байсан Маали үхлийн шалтгаанаа олох гэж байдгаараа тэмцэж явахдаа хойд насны ертөнц дэх дэндүү чалчаа үхсэн сүнснүүдтэй үргэлж тулгарна. Тэдэнтэй хийсэн яриа дайны үеийн зовлон зүдгүүрт түүхийг илчилдэг.
Зохиолч энэ номоо 1989 онд армийнхан, Энэтхэгийн энхийг сахиулагчид, террористууд бие биеэ асар хурдацтай устгаж байх үед бичжээ. Хөл хорио, тэсрэх бөмбөг, аллага, хүн хулгайлах, хүмүүсийг бөөнөөр нь хороож, булсан оршуулга зэрэг нь зохиолчийн хувьд сүнс, адал явдалт өгүүллэг, тагнуулчийн тухай түүхүүд бүтээхтөгс орчин болсонаж.
“САЛМАН РУШДИ НАРААС УРАМ ЗОРИГ АВДАГ”
Шехан Карунатилака нь мөн хүүхдэд зориулсан “Үүнийг амандаа бүү хий” (2019) номын зохиогч юм. Тэрбээр Энэтхэгийн өдөр тутмын “Mint” сонинд ярилцлага өгөхдөө “Хүүхдүүд аюултай зүйл идэж байхтай би олон таарсан. Охин маань нэг удаа будгийн бийрийг мөхөөлдөс шиг л долоож байлаа. Миний хүү үхсэн шавж түүж иддэг байсан. Тиймээс сэрэмжлүүлэх үүднээс зохиол болгон бичихийг хичээдэг ч тэнэглэл нь давамгайлдаг” хэмээжээ.
АНУ-ын “Nation” сэтгүүлд 2013 онд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Курт Воннегут, Уильям Голдман, Салман Рушди, Майкл Ондатже, Агата Кристи, Стивен Кинг, Нил Г, Том Роббинс болон бусад хэдэн зуун хүнээс урам зориг авдаг” гэжээ. Мөн рок “Police” хамтлагт амьдралынхаа турш дурласан тухайгаа бичиж, ярьдаг аж. Энэ жил Ш.Карунатилака хүүхдийн өөр хоёр ном, богино өгүүллэгийн түүвэр дээр ажиллаж буйбөгөөд роман эхлүүлэх санаатай байгаа гэнэ. Гэхдээ үүнийгээ 10 жил сунжруулахгүй хэмээн найдаж байна.
“Sort of books” компани өнгөрсөн наймдугаар сард хэвлэсэн, Шехан Карунатилакагийн “Маали Алмейдагийн долоон сар” ном энэ сарын 17-нд Лондон дахь концертын “Roundhouse” танхимд зарласан, 2022 оны Букерийн шагналыг хүртсэн билээ. Шагналыг Британийн хааны гэргий Камилла гардуулжээ. Шехан Карунатилакад олгосон шагналыг уламжлал ёсоор 50 мянган фунт стерлинг буюу 57 мянган ам.доллар дагалдав. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хойш Британи, Ирландад хэвлэгдсэн 169 зохиолоос 13 нь Букерийн шагналын жагсаалтад багтжээ. Дэлхийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Букерийг 1968 онд бий болгож, эхнийхийг 1969 онд гардуулсан байна.