Польшийн амбан захирагч Ганс Франкийн айлчлалд зориулсан жагсаал. 1941.10 дугаар сар
Дэлхийн II дайны үед учруулсан хүний амины болон эвдрэл сүйтгэлийн төлөөсийг Германаас албан ёсоор шаардаж буйг Польшийн эрх баригч “Эрх ба шударга ёс” намын дарга Ярослав Качиньский өнгөрсөн сарын 1-нд мэдэгдэв. Төлбөрийг 2022 онд багтаан барагдуулахыг хүссэн нот бичгийг Герман руу илгээнэ гэж дараа нь Польшийн Гадаад хэргийн дэд сайд Шимон Шинковский хэллээ. Польшийн Сейм (Парламент) төлбөр шаардсан тогтоолыг есдүгээр сарын 14-нд дийлэнх олонхын саналаар батлав. Уг тогтоолыг 418 депутат дэмжиж, дөрвөн депутат татгалзсан байна.
Бусадтай харьцуулбал үнэндээ гуравдугаар Рейхийн бодлогоос хамгийн их хохирол Польшид учирсан юм. Нацистуудын тогтоосон эзлэн түрэмгийлэх дэглэм Европт хамгийн харгис хэрцгий байсан гэдэг. Мөн чанартаа Польшийг үгүй хийж, губерн гэдэг тоглоомын засаглал бий болгож, тус улсыг Краков, Варшав, Радом, Люблинд төвтэй дөрвөн тойрог болгож хуваасан. Эдгээр газар нутагт 12 сая орчим хүн аж төрж байлаа. Эзлэгдсэн Польшийн амбан захирагчаар нацистын улстөрч, өмгөөлөгч Ганс Франк гэгчийг томилсон юм. Тэрбээр польш хүмүүсийн эсрэг харгис аллага зохион байгуулсан хүмүүсийн нэг.
Польш хүмүүсийг хямд ажиллах хүчний эх булаг гэж германчууд үзэж байв. Тэдний заримыг нь Германд аваачиж хүнд ажил хийлгэсэн, эрх орондоо үлдсэн польшууд аливаа эрх эдлэхгүй. Түүнээс гадна эзлэгдсэн газар нутаг дээр хүмүүсийг байсхийгээд хоморголон буудна. Германы нацист дарангуйлагч Адольф Гитлер Польшийн нийгмийг бүрэн устгах зорилго тавьж байснаас багш, цэргийнхэн болон сахил санваартан гээд сэхээтнүүдийг нь шат дараатай нухчин дарж байв. Губерн бүрт бөөнөөр хорих болох үхлийн лагерь байгуулж, Треблинк, Белжец, Собиборт еврей нар хийгээд бусад үндэстнийг олноор нь алж байлаа.
Гуравдугаар Рейхэд эзлэгдсэн орнуудын дотроос түрэмгийлэгчид хийгээд нутгийн иргэдийн хооронд үндсэндээ хамтын ажиллагаа огт байгаагүй цорын ганц улс нь Польш байсан гэж түүхч Макс Гастинг тэмдэглэсэн байдаг. Тус улсад байсан герман хүмүүсийг польшууд дарлан мөлжиж байсан гэж Германы суртал нэвтрүүлэг ухуулна. Үндэстний цэвэрлэгээ хийх, Польшийн ард түмнийг хядахдаа чухам үүнийг далим болгож байв.
Германы мэдэлд байх үед нацистуудын гарт Польшид амьдарч байсан 5.5 сая иргэн буюу нийт хүн амынх нь 21 гаруй хувь нь алагдсан юм. Польшид амьдарч байсан 3.3 сая еврейхүний ердөө 380 мянга нь дайн дуусахыг үзсэн гэдэг. Үүнтэй харьцуулбал германчуудад мөн эзлэгдээд байсан Францад 350 мянга орчим энгийн иргэн амиа алдсан байдаг.
Герман ялагдсаны дараа дайны хөлд нэрвэгдсэн зарим оронд төлбөр өгөхийг 1945 онд Потсдамын бага хурлаар үүрэг болгосон ч тоо хэмжээг нь тогтоож өгсөнгүй. Тус улсын Гадаад хэргийн яамны баримтаар бол дайны төлбөрт нийт 74 тэрбум шахам евро өгсний 29 тэрбумыг нь Израильд оршин суудаг еврей нарт зориулсан байна. Потсдамын бага хурлын үр дүнд Германы Дорнод Прусс, Силез, Помераний үлэмж газар нутгийг хөрөнгө, дэд бүтэцтэй нь Польшид төлбөр болгож өгчээ.
ХБНГУ-ыг улс оронд нь учруулсан хохирлыг барагдуулсан гэж үзээд БНПАУ дайны төлбөр авахаас албан ёсоор 1953 онд татгалзсан байна. Тэгснээ Польшийн тал одоо болохоор ЗСБНХУ-ын шахалтаар ийм алхам хийсэн хэмээн мэлзэх болжээ. Польшийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн баримтаар ЗХУ дайны төлбөрт Германаас гурван тэрбум гаруй ам.доллар авсны 228 сая нь Польшийн хувь байжээ. Германтай харилцаагаа бүрмөсөн зохицуулах гэрээнд 1990 онд Орос, Америк, Англи, Франц, БНАГУ, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурснаар дайны төлбөр нэхэхээс польшууд татгалзсан нь баталгаажсан байна. Төлбөрийн талаарх шийдвэрлээгүй асуудлуудыг зохицуулах хэлэлцээрийг Польш, Герман улс 1991 онд байгуулж, үүгээр Германы тал Польшид 500 сая марк өгч, сүүлд нь гуравдугаар Рейхэд хүчээр ажил хийж байсан польшуудад бас хоёр тэрбумыг өгсөн аж.
Германчуудын дайны төлбөрийн тухай яриа 2018 оноос Польшид сэргэсэн байна. Энэ асуудлыг шийдчихсэн гэж үзэхгүй байгаагаа Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда тэгэхэд мэдэгджээ. Германчуудыг ууч сэтгэл гаргаж Польшид учруулсан хохирлоо төлж, хуучин өрөө барагдуулахыг Польш өнөөдөр шаардаж байна. Нэр төрөө аврахын тулд Герман улс мөнгөө ойрын жилүүдэд төлнө гэдэгт итгэж буйгаа “Эрх ба шударга ёс” намаас сонгогдсон депутат Аркадиуш Мулярчик саяхан илэрхийлэв. Өвөг дээдсийнх нь хийсэн гэмт хэрэг олон улсын харилцаанд Германы нэр хүндийг сүрхий сэвтүүлж байгаа нь эргэлзээгүй. Германчууд өнөө цагийн “ёс суртахуунтай гүрэн” болохыг хүсэж байгааг ч хэлэх үү, энэ асуудлыг аль болох түргэн хаах нь тэдний улс төрийн эрх ашиг болж байгаа юм.
2023 онд болох Парламентын сонгуулийн босгон дээр дайны төлбөрийн тухай сэдэв консерваторуудын хувьд суртал ухуулгын зэвсэг болоод байна гэж Польшийн сөрөг хүчний “Иргэний мөрийн хөтөлбөр” намын тэргүүн Дональд Туск мэдэгдлээ. Эдний эрх баригч намын рейтинг 36 хувьтай байгаа юм. Дайны төлбөрийн асуудал шинэ дэмжигчдийг татахад ч, өрсөлдөгчдөө дарамт үзүүлэхэд ч аятайхан арга болоод байгаа нь нууц биш.
Оросын судлаач Дмитрий Офицеров-Бельскийн үзэж буйгаар эрх баригч намын өрсөлдөгчид дайны төлбөр нэхэх тухай тогтоолыг аргагүйн эрхэнд дэмжиж буй, эс тэгвэл тэдний байдал хэврэг болно, эх оронч биш байна гэж зэмлүүлнэ. Дайны төлбөрийн талаарх Польшийн иргэдийн бодол ч Засгийн газрынхаа чиг шугамтай олон талаар нийцэж байна. Санал асуулгын дүнгээр түүнд оролцогчдын 52 хувь нь ХБНГУ-ыг Польшид учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байв. Харин дайны төлбөр авах бодит боломжид иргэдийн тун бага хувь нь итгэж байгаа янзтай. Төлбөрөө авахыг дараагийн үе маань л үзэх болов уу гэсэн бодолтой байдгаа эрх баригч намын гишүүд хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэгэхдээ бүхэлд нь авч үзвэл төлбөр авахыг польшууд дэмжиж буй.
Ганс Франк(Hans Frank)
Нөгөө талаас Польшийн шаардлагад Герман хоёрдмол саналгүйгээр татгалзсан хариу өгч байна. Германы Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба энэ асуудал хэдийн хаагдсан гэж онцоллоо. “Польш аль 1953 онд л цаашид төлбөр авахаас татгалзсан шүү дээ” гэсэн байр сууриа Канцлер Олаф Шольц нь нотолсон. “Эрх ба шударга ёс” намын даргын үзэж буйгаар “1.3 их наяд ам.доллар гэдэг Германы эдийн засагт бүрэн боломжтой, тэгтлээ их ачаалал болохгүй” аж. Ийм хэмжээний мөнгө нь “Bloomberg”-ийн үзэж буйгаар ХБНГУ-ын 2-3 жилийн төсөвтэй тэнцэх юм байна. Төлбөр авбал Германд харьяалагдаж байсан газар нутгийг Польш хариуд нь буцааж өгөх ёстой гэж Германы “Bild” сонины уншигчид үзэж буйгаа илэрхийллээ. Канцлер Шольц ч төлбөрийн тухай яриа цаашид газар авбал улсын хил хязгаар тогтоосон асуудлыг эргэж харахыг Герман улс хөндөж болох юм гэж Польшийн эрх баригчдад цухуйлгаад авлаа. Тэгэхдээ Польшийн талын шаардлага тэднийд өгсөн газар нутгаар нэгэнт шийдэгдсэн, илүүг авах гэх хууль ёсны эрх түүнд одоо байхгүй” гэх ойлголтыг Олаф Шольц их тодорхой илэрхийлсэн юм.
Хоёр улсын харилцаа хурцадсан нь ердөө түүхийн ой санамжтай ч холбоотой юм биш. Олон улсын тавцан дээрх өнөөгийн нөхцөл байдалтай олон талаар уялдаатай гэж хэлж болно. Польш одоо Европын Холбооны гишүүний хувьд АНУ-ын гол холбоотон болж Германы үүргийг сулруулах зорилго дотор нь багтдаг Америкийн талын эрх ашгийг бүх талаар дэмжиж байгаа юм. Европын Холбооны тэргүүлэгч гэгдсээр ирсэн Германы байр суурь тийм ч бат тогтвортой биш болж байна. Украинд болж байгаа үйл явдал ч үүнд нөлөөлж буй. Оросын нефть, хийн эсрэг Европын Холбооны тавьсан шинэ хоригоос шалтгаалж Германы эрчим хүчний хямрал улам гүнзгийрч байна. Үүний хажуугаар Украинд цэрэг, дайны хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна гэх шүүмжлэлд Герман байнга өртөж байгаа. Украинд үлэмж хэмжээний зэвсэг нийлүүлж, олон дүрвэгчийг нь хүлээн авч, Оросын эсрэг бүх хориг хязгаарлалтад нэгдэж буй хэрнээ л Европын тэргүүлэх эдийн засаг хойрго байна хэмээн буруутгагдсаар байгаа юм. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравицкий Германыг Оросын өмнө хүлцэнгүй, шийдмэг бус байна гэж хүртэл зэмлэсэн удаа бий. Оросуудад жуулчны виз олгохоо бүрмөсөн зогсооход Германы “зориг хүрэхгүй байна” гэж Польшийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Петр Мюллер хэлсэн байдаг.
77 жилийн өмнө Европыг Герман хяналтдаа авснаас сайн юм ер болоогүй. Европын бүс нутагт Герман улс ноёрхвол энэ түүх давтагдах нягууртай гэдэгт Европын Холбоог итгүүлэхийг Польш хүсэж байна. Дээр нэр нь дурдагдсан Офицеров-Бельскийн үгээр бол ХБНГУ-ын Канцлер асан Ангела Меркель Европын Холбоог хагаралдуулахгүйн тулд хөрштэйгөө зөрчилдөхөөс зайлсхийж байсан бол одоогийн Засгийн газар арай л өөр үзэл бодолтой байгаа аж. Польш эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрөө боловсруулахдаа Европоос аль болох их мөнгө авахаар тооцоолжээ. Үүнгүйгээр “Польшийн эдийн засгийн гайхамшиг” удахгүй замхарна гэж Офицеров-Бельский тодрууллаа. “Хэрэв Германаас мөнгө авч чадахгүй бол дайны төлбөрийн асуудлыг хурцаар тавина” гэж Польш улаан цайм хандаж байна. Гэтэл дайн дууссанаас хойш 77 жил болоод төлбөр нэхэж байсан жишээ орчин цагийн түүхэнд байхгүй юм. Дайны төлбөр шаардаж Берлинд захидал илгээхээс өөр хаана Варшав хандахыг төсөөлж чадахгүй байна. Берлин түүнд татгалзсан хариу л өгнө гэж шинжээч тайлбарлав.
Бэлтгэсэн Р.Жаргалант