ХБНГУ-д ирэх амралтын өдрүүдэд латин формейшн бүжгийн ДАШТ эхэлнэ. Манай улсаас дасгалжуулагч О.Саранхүү, О.Оюунбат нарын удирдлагад “Moon dance” хамтлагийнхан тус тэмцээнд оролцох юм. Манай бүжигчид энэ удаагийн ДАШТ-д “The power of the four elements” буюу “Дөрвөн махбодын хүч” сэдэвт зохиомжоор өрсөлдөхөөр болжээ. Монголын бүжигчид бүжгийн үзүүлбэр, дэглэлтийг өмнөхөөсөө шинэлэг байдлаар харуулахыг зорьж буй гэнэ. Тухайлбал, “Дөрвөн махбодын хүч” зохиомжид галыг бэлгэджээ. Гал нь дэлхийд үүссэн анхны махбод бөгөөд хайр, хүсэл, уур хилэн, хүч чадал, энергийн бэлгэдэл. Мөн хувьсах чадвар өндөртэй бөгөөд агаартай нэгдэх үед улам бадарч, гэрэлтдэг гэсэн утгатай бүжгийг тэд ДАШТ-д үзүүлэх нь. “Moon dance” хамтлагийнхан 10 хоногийн өмнө Нидерландын Хээрлэн, дараа нь тус улсын Аахен хотыг зорьж, бэлтгэлээ базааж буй юм байна.