Монгол Улсын сонсголгүй иргэдийн холбооны соёл урлагийн салбар хорооноос дохионы хэлний дууны уралдааныг анх удаа зохион байгуулах талаар өчигдөр мэдээлэв. Сонсголгүй иргэдийн авьяасыг хөгжүүлэх зорилготой уг уралдаан нь дохионы хэлээр дохиж дуулах, богино хэмжээний бичлэг бүтээх зэрэг төрөлтэй байх бөгөөд удирдамжийг ирэх сарын 3-нд танилцуулах гэнэ. Манай улсад сонсголгүй 12 000 гаруй иргэн байдаг гэх тоо бий. Дээрх холбооныхон тэдний авьяасыг хөгжүүлэх олон үйл ажиллагаа зохион байгуулж иржээ. Энэ жилийн хувьд холбооныхоо 35 жилийн ойг тохиолдуулан анх удаа дууны уралдаан зохион байгуулж, сонсголгүй иргэд сонсохоос бусдыг хийж чадна гэдгийг олон нийтэд харуулах зорилготой аж.