Нохойг илэх нь хүмүүст сайнаар нөлөөлдгийг Швейцарын эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, амьтантай ингэж харьцах нь хүний тархины нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсгийг идэвхжүүлдэг гэнэ. Туршилтад 19 хүн оролцуулж, тэднийг нохойны хажууд суугаад, илэхийг хүссэн байна. Дараа нь нохойг зөөлөн тоглоомоор орлуулж, мөн ижил үйлдэл хийлгэжээ. Ингэхдээ судлаачид тэдний тархины үйл ажиллагааг хянасан аж.
Нохой, эсвэл тоглоомтой харьцахын хэрээр хүний тархины хүчилтөрөгчөөр дүүрсэн гемоглобины хэмжээ ихэссэн байна. Гэхдээ амьтантай харьцах нь илүү хүчтэй өөрчлөлт өгчээ. Эл туршилт нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд гэрийн тэжээвэр амьтад таатай нөлөө үзүүлдгийг дахин нотлов. Мөн энэ судалгаа нь мэдрэлийн болон сэтгэцийн өвчтэй хүмүүст маш үр дүнтэй байж болох амьтдын оролцоотой эмчилгээг хөгжүүлэхэд түлхэц болох аж.