Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Спортын яамтай хамтран 2022-2024 онд “Степпе арена” мөсөн ордонд хойд хөршийн уран гулгалтын алдартай тамирчдын үзүүлэх тоглолтыг зохион байгуулах нь. Уг тоглолтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нар Монголд айлчлахад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзлаа. Тэд уулзалтын үеэр тоглолтыг үзэгчдэд сонирхолтой байлгах зохион байгуулалтын ажлын хэсгийг хуралдуулах чиглэл өгч, концепцоо батлах нь чухал болохыг тэмдэглэжээ. Мөн Монголын уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд тамирчин, дасгалжуулагч солилцох саналтайгаа ч илэрхийлэв. Хойд хөршийн Уран гулгалтын холбооны удирдлагууд мөсөн ордонтой танилцаж, дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулах шаардлага хангасан хэмээн дүгнэсэн байна. Ирэх жилийн хоёрдугаар сард 15 уран гулгагчийн үзүүлэх тоглолтыг “Степпе арена”-д зохион байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.