Зүүн Азийн залуучуудын “Улаанбаатар-2023” наадам ирэх жилийн наймдугаар сарын 16-23-нд манай улсад болно. Тэмцээнд есөн орны 1500 гаруй тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөх юм. Монголд анх удаа зохион байгуулах уг наадмын элч төлөөлөгчөөр волейболын спортын олон улсын шүүгч Х.Номинзулыг томиллоо. Тэрбээр спортын үйл ажил лагаа зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр дагнан ажилладаг чадварлаг залуусын нэг. Тэрбээр Сөүлийн их сургуульд 2017-2018 онд спортын менежментийн чиглэлээр суралцан, магистрын зэрэг хамгаалсан юм. Өдгөө тэрбээр Швейцарын Лозанн хотын Спортын шинжлэх ухаан, технологийн академид спортын удирдлага, технологийн магистрт суралцаж буй. Х.Номинзул өнгөрсөн хугацаанд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “World tour”, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны “Алмазан лиг”-ийн тэмцээн, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн боловсролын хөтөлбөр, “Volleyball world” телевизийн шууд дамжуулалтын төсөл болон “Сургуулиудын спорт холбооны манлайлагч охид” төсөл зэрэг арга хэмжээ, тэмцээнд ажиллаж, туршлага хуримтлуулжээ. “Наадмын элч төлөөлөгчөөр сонгогдоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Зүүн Азийн залуучуудын наадам Монголын спортын хөгжлийг урагшлуулах мега төсөл юм. Энэ наадмын зохион байгуулалтын ажилд өөрийн нөөц, бололцоог дайчлан ажиллах болно” хэмээн Х.Номинзул өгүүллээ.