“Blindside” продакшн, “Go” студи, “Red point” медиа хамтран бүтээсэн “Гаднын нөлөөгүй” уран сайхны киног үзэгчдэд хүргэж эхэллээ. Киноны ерөнхий продюсероор О.Оргилнаран, продюсероор Т.Баттулга ажилласан бол Д.Галбаяр зохиолыг нь бичиж, найруулжээ. Уг кино 17 настай хүү өндрөөс унаж, амиа алдсанаар эхэлдэг. Хүү амиа хорлосон уу, эсвэл хэн нэгэнд хорлуулав уу. Амиа хорлосон байлаа гэхэд хэн нэгэн түүний биед халдаж үхэлд хүргэв үү, эс бөгөөс үхлийг сонгохоос өөр аргагүй байдалд ортол нь сэтгэл зүйн дарамт учруулав уу.
Эд хөрөнгөтэй, элэг бүтэн амьдралтай Азжаргал, ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, сэтгэцийн өөрчлөлттэй Идэр, эрэн сурвалжлах сэтгүүлч Тулга нарын амьдрал Азжаргалын хүү нас барж, “Гаднын нөлөөгүй, амиа хорлосон” гэсэн дүгнэлт гарснаас хойш огтлолцоно. Хүүгийнхээ үхэлтэй эвлэрч чадаагүй эцэг Азжаргал эл хэргийн учрыг олохоор зүтгэх бөгөөд Тулга ч өөрийнхөөрөө “мөрдөнө”. Ингэснээр хэргийн учгийг тайлах ч энэ нь тэдний мэдэхийг хүссэн үнэн байсангүй.
Киноны гол дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Б.Ганхүү, Ц.Ганбаяр, Т.Баттулга, Э.Батхүү, Ш.Мөнхбаяр, Н.Мөнхсоёл нарын уран бүтээлч хамтарчээ. Хөгжмийг Г.Онон бичиж, зураачаар Ц.Хүрэлбаатар, зураглаачаар Г.Гүенбаатар ажилласан байна.
“Гаднын нөлөөгүй” киног жүжигчин Т.Баттулга, Ц.Ганбаяр агсантай хамтран бүтээхээр зориглож, хоёр жилийн өмнөөс ажлаа эхлүүлжээ. СУИС-ийн нэг ангийн найзууд, “Шинэ үе” продакшн, “Мөрөөдлийн театр”-т хамтран ажиллаж, гар нийлж дадсан тэд дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж, өөрсдийнхөө чансааг сорихоор шийдсэн нь энэ байж. Киноныхоо нээлтийн ёслолын үеэр Т.Баттулга “Найзтайгаа олон уран бүтээл хамтран хийхээр төлөвлөж, зорьж байлаа. Би үргэлжлүүлэн зорьсон бүхнээ хийнэ. Хэдийгээр найз минь өнөөдөр бидний дунд байхгүй ч дээрээс харж буй биз ээ” гэсэн юм.
Триллер төрлийн кино үзэгчдийн сул нулимс, өнгөц сэтгэл зүй, хөнгөн үйл явдал дээр “тоглодоггүй”. Харин хүнээс, тэр байтугай өөрөөсөө ч эрж, эрүүлээд нуудаг, түүнээсээ айдаг далд ухамсар, сэрэл мэдрэмжийг “мааждаг”. Энэ л төрлөөр “Гаднын нөлөөгүй” киног бүтээж, үзэгчдэд үнэнтэй нүүр тулах мөчийг өгсөн гэхэд болно. Өнгөрсөнд хийсэн бүхэн чинь ирээдүйд эдлэх үйлийн үр болдгийг санаанд оромгүй үйл явдлуудаар харуулах бүтээл гэж “Гаднын нөлөөгүй”-г дүгнэж болох аж.
Бэлтгэсэн А.Хангай