Физиологи, анагаах ухааны салбарын 2022 оны Нобелийн шагналыг Шведийн биологич Сванта Паабо хүртэх болов. Шведийн Стокхолм дахь Каролинскийн хүрээлэнгийн Нобелийн хорооноос мэдэгдсэнээр энэ эрдэмтэн устаж үгүй болсон гоминидын (хомосапиенс гэх мэт хүн төст сармагчны төрөл) геном болон хүний хувьслын чиглэлээр хийсэн нээлтүүдээрээ нэр хүндтэй шагналын эзнээр тодорчээ.
Судалгааныхаа үр дүнд тэрбээр шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй мэт санагдсан неандерталь хүний геномын дарааллыг тогтоож чадсан аж. Мөн урьд нь үл мэдэгдэх гоминидод тооцогдож байсан Денисовын хүний тухай (2008 онд Сибирийн өмнөд хэсэгт орших Денисовагийн агуйгаас 40 мянган жилийн настай хурууны ясны хэлтэрхий олджээ) шуугиан дэгдээсэн нээлт хийсэн байна. 70 мянган жилийн өмнө Африк тивээс нүүж ирсний дараа устсан гоминидуудын генүүд хомосапиенст шилжсэн болохыг Шведийн биологич тогтоожээ. Орчин үеийн хүмүүсийн хувьд эдгээр ген нь дархлааны систем халдварын үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг тодорхойлдог. Сванта Паабогийн судалгаа нь шинжлэх ухааны цоо шинэ салбар болох палеогеномикийг бий болгожээ.
Энэ жил Нобелийн хороонд 800 бүтээл ирсэн аж. 1901 оноос хойш физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг 112 удаа гардуулсан. Шалгарсан 224 хүний 12 нь эмэгтэй судлаач байв. Энэ шагналыг есөн удаа буюу 1915-1918, 1921, 1925, 1940-1942 онд олгоогүй гэнэ. Анагаах ухааны салбарын 39 шагналыг нэг, 34-ийг нь хоёр, мөн 39-ийг гурван хүнд хуваан олгосон байна. Уг салбарт Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу хүн нь Фредерик Г.Бантинг юм. Тэрбээр 1923 онд 32 настайдаа эл нэр хүндтэй шагналыг гарджээ. Хамгийн өндөр настай шагналтан нь Пейтон Роуз. Тэрбээр 1966 онд шагнал авах үед 87 настай байсан гэнэ. Тус хорооны дүрмийн дагуу нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийг 50 жил нууцалдаг тул энэ жилийн шагналтнуудын өрсөлдөгч хэн байсныг хагас зуун жилийн дараа л мэдэх боломжтой. 2022 оны Нобелийн шагналыг 10 сая швед кроны (ойролцоогоор 900 мянган ам.доллар) хамт олгоно.