УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээнэ. Дөрвөн жилийн хугацаанд хавар, намрын гээд нийт найман удаагийн ээлжит чуулган хийдгээс тав дахь нь эхлэх гэж байна. Бүрэн эрхийн хугацааных нь хоёрдугаар хагас эхэлж байгаа ч улстөржилгүй, айсуй сонгуулиас ангид ажиллах боломж бараг л үлдсэнгүй. Хүссэн ч, эс хүссэн ч 2023 он гарав уу, үгүй юү сонгуулийн “шоу”-гаа тавих тул илүү ажил хэрэгч хуралдаж мэдэх сүүлчийн чуулган нь энэ.
Хуульд заасны дагуу намрын чуулганаар дараа жилийн улсын төсөв, мөнгөний бодлогыг баталдаг. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Монголбанкнаас парламентад өргөн барьж, маргааш Эдийн засгийн байнгын хороо, пүрэв гарагт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг ч хийх юм. Өнгөрсөн баасан гарагт Төвбанкны удирдлага мөнгөний бодлогын төслийг УИХ-ын даргад танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын дарга гурван давхар шок буюу олон улсын хурцадмал байдал, тээвэр ложистик, цар тахлаас үүдсэн үнийн өсөлттэй холбоотойгоор төсөв, мөнгөний бодлогыг уялдаатай хэрэгжүүлж, цогц бодлого баримтлах нэн шаардлагатайг онцолсон юм.
Нэн хүнд цаг үед баталж буйгаас гадна нэгэн онцлог энэ удаагийн төсөвт бий. Улсын төсвийн төсөл бол Засгийн газрын бодлогын илрэл болсон хамгийн том баримт бичиг. Хөгжлийн бодлогоо бариад, хаана, ямар хөрөнгө оруулалт хамгийн чухал вэ гэдгээ тооцон, хурааж, цуглуулсан хөрөнгөө захиран зарцуулах эрх нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийх атал бодит байдал нь өөр. Тиймдээ ч “давхар дээл”-тэй сайд нараар танхимын бүрэлдэхүүнээ шинэчилсэн Засгийн газар энэ удаа төслөө “эвдүүлэлгүй” авч гарч чадах, эсэх нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн биш сайд нарын ажил “унадаг”, урагшилдаггүй, хууль тогтоогчид тойрог руугаа төсөв татдаг, дарамт, шахалт үзүүлдэг байдал нь өдгөө сайд нарынхаа олонхыг парламентаас бүрдүүлэхэд хүргэсэн гэхэд болно. Жишээ нь, өнгөрсөн намар Засгийн газар 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс дөрөв, дөрвөн тэрбум төгрөгт багтаан хөрөнгө оруулалтын ажлын саналыг хүлээн авсан. Тойрогтоо, сонгогдсон аймаг, дүүрэгтээ төсвийн мөнгөөр ямар ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг саналаа дөрвөн тэрбум төгрөгт багтаан ирүүлнэ үү гэж Засгийн газар гишүүдээс царайчилсан хэрэг. Өмнө нь уг “санал”-ын хэмжээ 500 сая төгрөг байснаа тэрбум, тэрбумаар өссөөр иймд хүрсэн нь энэ. Улсын төсвийг батлах нь УИХ-ын гишүүдийн онцгой бүрэн эрх учраас боож, багцалсан төслөө задлуулж, зүсийг нь тэгтлээ хувиргачихалгүй үлдээхийн тулд тал засаж буйгаас өөрцгүй.
Үүний дараа хөндөгдөх асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Бас л цаг хугацаанд хавчигдаж буй ажил. Эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилж, улмаар сонгуулийн тогтолцоогоо холимог болгон, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбарыг өнөөгийн мажоритар хэлбэртэй хослуулна гэлцэж байгаа. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. Парламентын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сард явуулна гэж тооцвол 2023 ондоо багтаж нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн үг. Гэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож буй. Тэгэхээр дээрх хугацаа хумигдана. Тодорхой хэлбэл, дараа жилийн эхний хагаст энэ бүхэн цэгцэрсэн байх учиртай. Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталчихаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаа барьж авна гэвэл хагас жил л үлджээ. УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх ёстой. Ингэхдээ хэлэлцүүлгийг тасралтгүй явуулах бөгөөд төслийг УИХ-ын чуулганаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал өөр асуудлын талаар ярих эрхгүй. Жил бүрийн намар хэлэлцэн баталдаг улсын төсвөөс авхуулаад хугацааг нь хуульчилсан асуудлуудын хажуугаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь энэ парламентын хамгийн том ажил байх нь гарцаагүй. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тулбал энэ удаагийн чуулганаар баталдаггүй юм гэхэд ихэнх ажлыг нь нугалах ачаалал ойрын хэдэн сард ногдох нь.
Учир нь үүнийг хийхийн тулд юуны түрүүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал мөрдөх ёстой. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримтлах шаардлагатай бөгөөд тэдгээрийн нэг нь ард түмний оролцоог хангах явдал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд баталж, алх цохисныхоо дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үеийн парламентын гишүүд үүнд гурван жилээ зориулсныг онцолж байв. Төслийг нь өргөн барьснаас хойш УИХ тасралтгүй таван сарын турш хэлэлцэж, иргэдээс ирүүлсэн хэдэн зуун мянган саналыг нэгтгэн багцалж, хэлэлцсэн юм. Үнэхээр ч Төрийн ордонд олон ч өдөр хэлэлцүүлэг болсон юм даг. Өмнөх шиг олон нийтийн оролцоог хангасан хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж чадах, эсэх тухайд нэлээд эргэлзээ бий ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, үгүй юү гэдэгт эцсийн цэг хатгахаас аргагүй.
Ерөнхийдөө өнгөрсөн зургадугаар сард буюу УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хаахын өмнө баталсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай 34 дүгээр тогтоолд зааснаар дөрвөн үндсэн сэдвийг хөндөхөөр буй. Эдгээрээс парламентын чадавх, хариуцлагыг сайжруулахын тулд дээр дурдсан сонгуулийн тогтолцооноос гадна гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, эсэх талаар эрх баригчид илүүтэй ярьж ирсэн гэхэд болно. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахтай холбоотойгоор УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулах буюу “давхар дээл”-ийг хязгаарлах, эсэх нь анхаарал татсан сэдэв байсан ч өнгөрсөн наймдугаар сард ээлжит бус чуулганаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Ээлжит бус чуулганыг хаахдаа УИХ-ын дарга ч энэ талаар тодотгож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайдад даалгасан юм. Мөн Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, дүн шинжилгээ хийх, үр дүнд нь үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах зорилготой эл ажлын хэсгийг өнгөрсөн ээлжит бус чуулганаар байгуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар ахалж буй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэмлэхүй олонхтой парламентын үед хийх боломж илүүтэй бүрддэг. Өнгөрсөнд ч, өнөөдөр ч МАН-ынханд ийм завшаан тохиож буй. Гэхдээ бүгдийн оролцоог хангасан хэмээгдэхийн учир дангаараа хүч түрж үүнийг хийх үү гэдэг нь асуулт дагуулж байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхны аргыг олж, аясаараа хөдөлгөх “хөзөр”-өө тэд энэ чуулганаар дэлгэх болов уу. Өөр хоорондоо ая эвээ олохгүй байгаа нь АН-ынхны хувьд сул тал болж, Ардын намынхан тэднийг амархан аргалчихаж мэднэ. Тухайлбал, гишүүн О.Цогтгэрэлийг УИХ дахь цөөнхийн бүлгийн удирдлагаар “хүлээн зөвшөөрсөн” эрх баригчид тэдний “тал”-ынханд нэг бус сайдын суудал зэхсэн гэх яриа ортой байхыг үгүйсгэхгүй. Энэ яриа бодитой болж гэмээнэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ одоогийн чуулганаар ярина гэсэн үг. Д.Сарангэрэлийн дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар хэнийг томилох вэ гэдэг нь ч тодорхой болно.