Британийн эрдэмтэд донорын бөөрийг шилжүүлэн суулгахаас өмнө хадгалах хугацааг уртасгах арга олсон тухай “Inde¬pendent” сонин мэдээлэв. Тодруулбал, судлаачид хүчилтөрөгчөөр хангасан цусыг бөөрөөр дамжуулж, уг эрхтний үйл ажиллагааг хэвийн байлгах технологийг бүтээжээ. Энэ арга эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхэд тохиромжтой донорын бөөрний тоог нэмэгдүүлэх аж.
Британийн буяны томоохон “Kidney re¬search UK” байгууллагын төлөөлөгч Сандра Карри “Өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг дунджаар нэг жил хагасаас илүү хугацаагаар хүлээж, эмч дуудах үед эмнэлэгт очиход донорын эрхтэн нь ашиглах боломжгүй болчихсон байх асуудалтай тулгардаг” хэмээжээ. Энэ нь бөөрийг маш богино хугацаанд хэвийн ажиллагаатай байлгах боломжтой холбоотой аж. Бөөрийг мөстэй уусмалд хийх стандарт арга бий ч ингэж удаан байлгах тусам уг эрхтэн гэмтэх магадлал өндөр байдаг гэнэ. Анагаах ухааны “Pebble biotechnology laboratories” төвийн судлаач, доктор Жон Стоун тэргүүтэй эмч нар гурван жилийн дотор шинэ аргаа эмчилгээнд нэвтрүүлснээр олон зуун хүний амийг аврахаар төлөвлөжээ. Тэд цаашдаа бөөрийг хадгалах хугацааг илүү уртасгаж, хэд хоногоор сунгах шинэ технологийг судалж байна.