Украин дахь дайны улмаас манай гаргийнхан төсөөлж байснаас ч илүү ядуурах бололтой. Дэлхийн эдийн засагт ирэх онд 2.8 их наяд доллар шаардагдана гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) тооцоолжээ. Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч 20 орны дундаас ОХУ хамгийн их хохирол амсах гэнэ. ЭЗХАХБ нь aрдчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг, өндөр хөгжилтэй орнуудын олон улсын байгууллага юм. Тус байгууллага таамаглалаа “дайны үнэ” гэж нэрлэжээ. “Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж байна. Үүнд Украины эсрэг, юугаар ч зөвтгөж боломгүй, гэмт хэргийн шинжтэй Оросын дайн буруутай. Олон орны ДНБ-ий өсөлт саарсан, эдийн засгийн байдлын талаарх мэдээллээс харахад зогсонги байдал удаан үргэлжлэх нь” гэж ЭЗХАХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Корманн мэдэгджээ.
Европын эсрэг Кремлийн хийн дайны улмаас үүссэн эрчим хүчний хямралаас гадна хэдийн дээд үзүүлэлт тогтоосон инфляц болон Хятадад зарлаж буй коронавирусийн хөл хорио дэлхийн баялгийн өсөлтийг бууруулж байна. Гэсэн ч дайн гол тээг аж.
ОХУ-аас гадна Европын хамгийн том эдийн засаг, Оросын байгалийн хийн гол худалдан авагч, тэргүүлэгч экспортлогч Германы ДНБ 2023 онд 0.7 хувиар агшина гэж ЭЗХАХБ таамаглаж байна. Кремлийн тавьсан хийн хязгаарлалт, мөн Хятадын эдийн засаг удаашралтай байгаа зэрэг нь Европын аж үйлдвэрийн хөдөлгүүр болсон тус улсыг “гацаажээ”. Харин Орос, Өрнөд хоорондын эрчим хүч, хориг арга хэмжээний дайнаас ашиг хүртсэн Турк, Энэтхэг, Саудын Араб зэрэг бусад улсын үзүүлэлт өсөх гэнэ. Өрнөдийн тэргүүлэгч хоёр эдийн засаг болох АНУ, Евро бүсийн аль алиных нь ирэх оны таамаг тааруу гарчээ. ЭЗХАХБ-ынхны таамагласнаар эдийн засгийн үзүүлэлт Америкт 0.5, Евро бүсийн 19 оронд 0.3 хувиар өсөх нь. Гэвч бодит байдал эдгээр таамаглалаас ч тааруу байхыг шинжээчид үгүйсгэсэнгүй.