АНУ-ын Төрийн Департаментийн Олон улсын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх замаар авлигыг бууруулах зорилготой “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн гуравдугаар уулзалт зохион байгуулагдлаа.
Ажлын хэсэг нь эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх олон улсын хамтын ажиллагаа болон хөрөнгө буцаан авах ажиллагааны чиг үүрэг, хариуцлагыг оновчтой тодорхойлох, институц хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд гэмт хэргийн замаар хууль бусаар олсон хөрөнгийг хураах, битүүмжлэх талаарх бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан судлах, дотоодын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Тус үйл ажиллагаанд Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), Авлигатай тэмцэх газар (АТГ), Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) болон бусад холбогдох байгууллагууд оролцож байна.
Тус уулзалтаар ОУХЭЗБ-ын Суурин хөтөлбөрийн менежер Ц.Баттуяа төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын явцын тухай танилцуулж, төслийн хуулийн зөвлөх Л.Мөнхцэцэг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх бие даасан хуулийн төслийн тандан судалгаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн тандан судалгааг танилцуулан Төслийн олон улсын зөвлөх Питер Страссер эрүүгийн хэрэг дээрх эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний тухай олон улсын туршлагаас хуваалцаж, мөн АТГ, УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон улсын хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулга хийлээ.