Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан харийн иргэдийг Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-ын ажилтнууд илрүүлэн, албадан гаргалаа. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нэр бүхий таван иргэн манай улсад аялах зорилготой хэмээн зөвшөөрөл авч “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан аж. Гэвч хяналт шалгалтаар тэдний авсан визийн зөвшөөрөл хуурамч байсан нь Монгол Улсад нэвтрэх виз олгох үед батлагджээ. Тиймээс ГИХГ-ын ажилтнууд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.6-д заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр албадан гаргаж, Монголд таван жил дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоосон байна.
ГИХГ-ынхан визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьдаг. Түүнийг хуурамчаар үйлдэж Монгол Улсад нэвтрэх боломжгүй. Тиймээс гадаадын иргэдийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаа сайтар судалж, нягтлах, аливаа худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автахгүй байхыг тус газраас анхааруулсан юм.
Ташрамд дурдахад, дээрх улсын хоёр иргэн хар тамхи удаа дараа хилээр нэвтрүүлж, борлуулсан хэрэгт холбогдон шүүхээр гэм бурууг нь дэнслэхээр товлоод буй. Тус улсын өөр нэг иргэн Монгол эхнэрийн хамтаар бусдыг залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа билээ.