ОХУ-ын Москва хотод Олон улсын цэргийн наадам болж, энэ хүрээнд “Армийн соёл, урлаг” уралдаан зохион байгууллаа. Эл уралдаанд 17 орны 127 уран бүтээлч оролцож, мэргэжлийн ур чадвар, авьяасаараа өрсөлдөв. Манай улсаас оролцсон ЦДБЭЧ-ын гоцлол хөгжимчин, ахлах ахлагч Б.Оюунбат, Б.Майнбаяр нар хөгжмийн дуэт төрөлд дэд, мэргэжлийн хөгжмийнхөд гуравдугаар байр эзэлсэн байна. Мөн Гавьяат жүжигчин, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, ахлах ахлагч Б.Батбаатар сонгодог болон орос дууны төрөлд гуравдугаар, Б.Нарантунгалаг сонгодог дууны төрөлд тэргүүн, орос дууныхад гуравдугаар байрт шалгарчээ. Дуэт дууны төрөлд Гавьяат жүжигчин Б.Батбаатар, Б.Нарантунгалаг нар тэргүүн байр эзлэв. Түүнчлэн ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, ахлах ахлагч Э.Мөнхтөр, Б.Дарханбат, Х.Юүлэхорол, ахлагч А.Энхжаргал нар ардын бүжгийн төрөлд тэргүүн, цэргийнхэд дэд байрт шалгарлаа. Э.Мөнхтөр, А.Энхжаргал нар дуэт төрөлд тэргүүн, ахлах ахлагч Б.Дарханбат, Х.Юүлэхорол нар гуравдугаар байрын эзэн боллоо. Ийнхүү “Армийн соёл, урлаг” уралдаанд ЦДБЭЧ-ынхан нийлбэр дүнгээрээ гуравдугаар байрт шалгарсан байна.
Бэлтгэсэн А.Хангал