“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын менежер, спортын дэд мастер, пара гүйгч Б.Батзориг энэ онд дэлхийн шилдэг зургаан марафонд оролцохоор төлөвлөжээ. Тэрбээр дэлхийн их зургаан марафоны “зургаан од” медалийн эзэн болох зорилт тавьсан. Ингээд АНУ-ын Бостоны марафоноор гараагаа эхлүүлээд байна. Эл зорилгоо биелүүлэхэд нь түүнд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай санхүүжилтийг нь бүрдүүлэх зорилгоор Б.Батзоригийн нэрэмжит буухиа гүйлтийн тэмцээнийг энэ сарын 13-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Үүнд оролцох нэг баг таван хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Тодруулбал, 6-19 насны нэг, 20-49 насны гурав, 50-иас дээш насны нэг тамирчнаар багаа бүрдүүлэх ёстой юм байна. Ташрамд дурдахад, дэлхий даяар нэг жилд багтаан зургаан марафонд амжилттай гүйсэн 82 тамирчин бий гэнэ.