Манай улс сүүлийн таван жилд жил бүр дунджаар 160 000 орчим тонн төмс хураан, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээс харж болно. Төмс бол хүн амын үндсэн хүнсний нэг бөгөөд үнэ нь хямд, нийлүүлэлт нь элбэг байсаар ирсэн. Харин энэ зун төмсний үнэ огцом нэмэгдлээ. Зах, худалдааны төвүүдэд нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Өнгөрсөн бямба гарагт хүнсний ногооны бөөний худалдааны төв “Барс” руу очсон юм. Тус төвд шинэ ургацын нэг кг төмс 4300, өнгөрсөн жилийнх нь 3500 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд төмсний үнэ бараг хоёр дахин өссөн дүн боллоо. Яагаад төмсний үнэ ийнхүү нэмэгдэж буй талаар “Барс”-д хүнсний ногоо бөөнөөр нь борлуулагч Ш.Алтантамираас лавлахад “Жил бүрийн 6-7 дугаар сард хүнсний ногооны үнэ нэмэгддэг. Ер нь дөрөвдүгээр сараас бүх төрлийн ногооны үнэ өссөөр наймдугаар сар гарахад хямдардаг. Энэ нь шинэ ургац нийлүүлж эхэлдэгтэй холбоотой. Гэхдээ энэ хавар, зун төмс, хүнсний ногооны үнэ олон жилийн дунджаас нэлээд өслөө. Сэлэнгэ, Төв аймгаас төмс бөөнөөр нь худалдан авах ханш энэ сар гарснаас хойш кг тутамдаа дунджаар 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь зоорь болон шатахууны зардал өссөнтэй холбоотой гэнэ. Зооринд нэг тонн төмс хадгалуулах төлбөр жилд хоёр дахин нэмэгдсэн гэж ойлгосон. Бид орон нутгаас ирүүлж буй төмс, хүнсний ногоог бөөнд нь авч, зохих хэмжээний хөлс нэмээд борлуулдаг” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн “Баянзүрх” хүнсний захад уржигдар очиход төмс, хүнсний болон нарийн ногоо борлуулдаг хэсэгт нь үйлчлүүлэгч олон байлаа. Тус захад шинэ ургацын монгол төмс кг нь 4500, хуучин нь 3300-3500 төгрөгийн үнэтэй байв. Харин өргөст хэмх хоёр кг-ыг нь 8000, улаан лооль мөн хоёр кг-ыг нь 15 000 төгрөгт бөөндөж байв. Төмс өргөст хэмхээс үнэтэй болсон шалтгааныг мэдэхгүй гэдгээ “Баянзүрх” захын борлуулагч М.Ундрах хэллээ. Тэрбээр “Манайх 7-10 хоног тутамд ногоо бөөнд нь авч, жижиглэнгээр борлуулдаг. Төмсний үнэ зургадугаар сар гарснаас хойш кг тутамдаа ганц хоёр зуун төгрөгөөр өссөөр бүр 5000-д хүрсэн. Харин долоо хоногийн өмнөөс үнэ нь бага зэргээр хямдарсаар өдгөө шинэ ургацынх нь 4500-4300, хуучин нь 3500 орчим төгрөгт хүрлээ. Үнийн өсөлтийн шалтгаан нь дизелийн түлшний ханш нэмэгдсэнтэй холбоотой хэмээн зарим хүн ярих юм. Мэдэхгүй байна” гэлээ.
Төв аймагт сүүлийн 10 орчим жил төмс тариалж буй нэгэн тариаланч “Манайх 100 гаруй га талбайд төмс тарьдаг. Сүүлийн гурван жилд нэг га-гаас барагцаалбал 75 орчим центр ургац авсан. Энэ жил л төмсний үнэ ийнхүү нэмэгдлээ. Түүнээс биш хамгийн хямд ногоо бол төмс. Ялангуяа намарт кг-ыг нь хэдхэн зуун төгрөгөөр бөөнддөг учраас төдийлөн ашиггүй. Ургуулах, арчлах зардал бага, мөн өргөн хэрэглээний хүнс учраас байнга эрэлттэй байдгийг тооцон бид төмс тарьж хэвшсэн. Төмсний үнэ хэлбэлзээд, өсөөд байдаг нь улирлаас, бас зоорины хүртээмжээс шалтгаалж буй хэрэг. Намар ногоо хямд, хавар, зун үнэтэй байдаг шүү дээ. Хэрвээ зоорийн олдоц, багтаамж ихтэй бол намрын авсан ургацаа хадгалж байгаад үнийг нь төдийлөн өсгөхгүй борлуулж болно. Үүнээс гадна бид төмсний тариалалтын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага байна. Хэрэв их хэмжээгээр төмс хураан, мөн нөөцөлж чадвал үнэ нь тогтвортой, хямд байх боломжтой” гэсэн юм. Харин Баянзүрх захын үйлчлүүлэгч Н.Энхжаргал “Хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсээр, иргэдийн цалин, орлого хаанаа ч хүрэхгүй боллоо. Нарийн ногоо худалдан авч идэж чадахгүй байсан бол өдгөө төмсөө ч авахад хүнд байна. 20 000 төгрөгт ердөө хоёр кг төмс, нэг бөөрөнхий байцай, нэг кг сонгино авлаа. Төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос бүрэн хангадаг, тариаланчдад хөнгөлөлт, дэмжлэг тогтмол үзүүлдэг гэдэг атал яагаад үнэ нь ийнхүү өсөөд байгааг холбогдох байгууллагаас нь тайлбарлах хэрэгтэй” гэсэн юм.
Шинэ ургацын төмс гарч, нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа тул цаашид үнэ буурах хандлагатайг өнгөрсөн долоо хоногт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Тус газраас ажлын хэсэг гарч үнэ зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж тогтоосон уу гэдгийг шалгаж байгаа гэнэ. Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30 хувь болгож өсгөсөн нь нийлүүлэлтийг хязгаарлан, үнэ нь чангарах шалтгаан болж буйг тэмдэглэжээ. Иймээс төмсний тариалалтыг нэмэгдүүлэх, 6-7 дугаар сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь, агуулахын тоо, багтаамжийг өсгөх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААХҮЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Мөн өнгөрсөн долоо хоногт “Барс” захад эрт ургацын төмс 54 тонныг нийлүүлснийг дээрх газраас мэдээлсэн бөгөөд сүүлийн нэг сард төмсний үнэ 37.5 хувиар нэмэгдсэн бол орос сонгино 5.1, монгол лууван дунджаар 14.8, монгол шинэ ургацын байцай дунджаар 45, хүрэн манжин 21.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг дурдлаа. Эндээс харахад төмсний үнийн өсөлт нь шатахуун болон бусад зардал нэмэгдсэнтэй холбоогүйг ШӨХТГ-аас дурдлаа. Харин нийлүүлэлт нь буурч, эрэлт өсмөгц бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг шударга бус тогтолцоо манайд нүүрлэснийг харуулж буй гэхэд болно. Түүнчлэн улсын хэмжээнд 2020 оны байдлаар 220.2 мянган тонн төмс, хүнсний ногоо хадгалах зоорь бийг салбарын яамнаас мэдээлжээ. Гэтэл өнгөрсөн онд гэхэд зөвхөн төмс 182 000 тонныг хураан авсан нь зоорийн хүчин чадал бага гэдгийг илэрхийлж байна.
Хашаа, газартай айл бүр төмс таривал өөрсдийн хэрэгцээг ханган, үнийн өсөлтөөс сэргийлэх боломж байна. Тодруулбал, гэр хорооллын 200 000 орчим өрхийн дунджаар 14 000 га талбайн гуравны нэгт нь төмс таривал жилд 28 000 тонн төмс хураан авах боломжтой гэсэн үг. Энэ нь манай улсын нийт нийлүүлэлтийн 20-30 хувьтай дүйцэх дүн болно.
Сонирхуулахад, төмс бол хүн төрөлхтний хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсний ногоо бөгөөд олон улсын зах зээлийн 40 хүртэлх хувийг БНХАУ, Энэтхэгт тариалдаг аж. Түүнчлэн төмсний тариалалт, нийлүүлэлтээр дээрх хоёр орны дараа ОХУ, Украин, Герман багтдаг юм байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын тооцоолсноор дэлхийд жилд дунджаар 340 сая тонн төмс бэлтгэж буй бөгөөд 2020 онд 359 сая тоннын ургац хураажээ.