Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан нэгдэж, 100 сая мод тарих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаныхан нь хэд хэдэн ажил үе шаттай зохион байгуулж байна. Тухайлбал, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүсийг мод тарих ажилд оролцуулж, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” болон “Олон улсын худалдаа, логистикийн төв” компанита хамтран 10 нэр төрлийн нэг наст цэцэг, хүнсний ногооны үрсэлгээ, хөрс боловсруулж, арчилж, усалж, цэвэрлэх зэрэг ажлыг энэ төрлийн ял шийтгүүлсэн иргэдээр хийлгэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан энэ сарын 6-ны байдлаар 82 850 ширхэг модны үрсэлгээ хийж, 13 000 мөнгөлөг улиас, агч модны суулгац тарьж, 7500 нарийн ногооны үрсэлгээ, дөрвөн тонн бордоо, мод тарих 840 метр шуудуу бэлтгээд байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн хүмүүсийг мод тарих үйлсэд татан оролцуулснаар нийгэмшүүлэх, хөдөлмөрийн чиг баримжаа олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломж олгож байгаа юм.