Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний албандаа хандах хандлага, сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулахад мэдээлэл, сэтгэл зүйн ажлыг системтэй, тасралтгүй зохион байгуулж явуулах нь чухал ач холбогдолтой юм.Улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд цэргийн алба хаагчдыг үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, албаа чин үнэнчээр гүйцэтгэхэд цэргийн сэтгэл зүйчдийн нөлөөллийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.
Дээрх зорилтын хүрээнд гадаад, дотоодын цэргийн болон иргэний их, дээд сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн бүрэлдэхүүнээс сонгож “Сэтгэл зүйн сургалт, сурталчилгааны бүлэг”-ийг томилон ажиллуулах бэлтгэл ажлыг ЗХЖШ-ын даргын тушаалаар эхлүүллээ. Сэтгэл зүйн сургалт, судалгааны бүлэг нь “Сэтгэл зүйн оношлогоо, судалгаа”, “Сэтгэл зүйн сургалт, дадлага”, “Сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж” гэсэн үндсэн 3 чиглэлээр Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг Монгол Улсад сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, багш нарын оролцоо, дэмжлэгтэйгээр хангана.
Тус бүлгийн гол зорилго нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг сэтгэл зүйн сорил, судалгаа, оношлогооны тусламжтайгаар илрүүлж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох, сэтгэл зүйн бэлтгэл хичээлийг чанар, үр дүнг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа явуулах, сэтгэл зүйн туслалцаа шаардлагатай цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, ангиудын сэтгэл зүйчдийн үйл ажиллагааг шалган туслахад чиглэгдэж байна.
Бүлгийн бэлтгэл ажлын эхний өдөр “МЕТА” сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл судлаач Г.Баярмаа “Сэтгэл зүйн оношлогоо, сургалт, судалгаа явуулах арга зүй, аргачилал”, сэтгэл зүйч С.Пүрэв-Эрдэнэ “Сэтгэл зүйн зөвлөгөө” сэдвээр тус тус сонирхолтой яриа, таниулга хийж, харилцан туршлага солилцон, санал, бодлоо хуваалцлаа. ЗХЖШ-ын СБГ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Т.Мөнхсаруул Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, бүлгийн үйл ажиллагааг чиглүүлж, үүрэг, зааварчилгаагаар хангав.
Цаашид бэлтгэл ажлын хүрээнд Сэтгэл судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Улаанбаатар дээд сургуулийн Сэтгэл зүйн тэнхимийн судлаач, багш нартай хамтран ажиллах, “МЕТА” сэтгэл судлалын хүрээлэнд сэтгэл зүйн треннинг явуулахаар төлөвлөж байна. “Сэтгэл зүйн сургалт, сурталчилгааны бүлэг” нь үндсэн үүргээс гадна сэтгэл зүйчийн ёс зүйг тодорхойлох, боловсруулах шаардлагатай гарын авлага, номын судалгаа хийх, Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалт, сэтгэл зүйн бэлтгэлийг зохион байгуулахад тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, сэтгэл зүйн сорил, судалгааны аппликейшн, веб хуудас бүтээх, түүний өгөгдөл материалуудыг боловсруулах, сэтгэл зүйн судалгааны нэгдсэн цахим сан бүрдүүлэх ажлуудыг эхлүүлэхээр сэтгэл, зүтгэл нийлэн ажиллаж байна.
Орчин үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөний туршлага, сургамжаас үзэхэд цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангаж, ялах урам зориг, төр засаг, цэргийн удирдлагадаа итгэх итгэл, үнэмшлийг олгох нь тавигдсан үүргээ амжилттай биелүүлэх үндэс болж буй.