Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн хоногуудад эрүүгийн 643 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 623 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Тухайлбал,
- "Ирээдүйн эмч" сургалтын төвийн багш Б нь АШУҮИС-д хүүхэд элсүүлэхэд 6-8 сая төгрөгийн хандив нэхсэн гэх;
- Баян-Өлгий аймгийн 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан “Д” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий хүнд болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Засаг дарга “Т” нь албан тушаалтны байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх;
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан “А” өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн гэх;
- Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын ажилтан “Л” нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
- ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багш Э нь 2020 оны 05 дугаар сард хууль бусаар сурлагын дүн засаж оюутнуудаас хахууль авсан гэх;
- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ө нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын засварын ажлын гүйцэтгэгчээр нэр бүхий компанийг сонгон шалгаруулахын тулд тус аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б-тэй бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн аж.