Махны үйлдвэрүүдэд хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалт, асуудал дагуулсан махыг чанаж идсэн албаны хүмүүсийн талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Б.Баасандорж өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, " Монгол Улсад махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 173 аж ахуйн нэгж байна. Үүнээс 61 нь экспортын мах бэлддэг бөгөөд 31 нь БНХАУ руу мах гаргаж байгаа юм. Эдгээр 31 үйлдвэрийн 15 нь дулааны аргаар махаа бэлддэг. Дулааны аргаар бэлтгэх шаардлагыг хоёр улсын протоколоор тавьдаг. МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг 5-р сарын 18-наас махны үйлдвэрүүдэд хийсэн. Одоогийн байдлаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар 32 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийж байна.
Олон нийтийн анхааралыг татаад буй "Эм Ди Си Пи" компанийн махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчил илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэл хийнэ.
Мөн хэвлэлийн мэдээллийн байгууллагын ажилтан хүсвэл манай хийж буй шалгалтын явцыг сурвалжилж болно. Харин өчигдөр мах чанасан асуудалд би МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй хандаж буй. Байцаагч ч бай, иргэн ч бай тэр компанид асуудал гарсан бол лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа л хэрэглэх, эсэхээ шийднэ. Түүнээс биш мах чанасан хүмүүс лабораторийн ажилтнууд биш, лаборатори ч биш. Иймд холбогдох албан хаагчдад хариуцлага тооцно" гэдэг тайлбар мэдээлэл өглөө.