-Миний данс руу 50 000 төгрөг хийхээ мартаагүй биз. Бид дөрөв автобусанд явна, зам түгжрэлтэй байна. Охин уйлаад хэрэг алга. Мөнгө орлоо, талбай дээр очоод видео дуудлага хийе.
Долоон буудал, МУБИС чиглэлийн, гадна талдаа “Хүүхдийн баярын мэнд хүргэе” гэсэн бичиг наан, дотроо шаар өлгөн чимсэн автобусанд өчигдөр 11.30 цагийн үед суухад ой гарантай болов уу гэмээр охиноо тэврэн суун, 7-10 настай хоёр хүү хажуудаа зогсоосон бүсгүй утсаар чанга гэгч ярьсан нь энэ. Бүсгүйн охин халууцан уйлж, хөвгүүд нь хэзээ талбайд хүрэхийг дахин дахин асуун, “Хурдан буугаад ундаа авч ууя” гэцгээж байв. Дээрх автобусны суудал бүрт л бага насны хүүхэдтэй ээж, аавууд сууцгаасан бол арай том хүүхдүүд нь зогсоцгооно.
Охид голдуу ягаан, нил ягаан даашинз, юбка өмсөн, үсээ цэмцгэр самнан тууз, хавчаар зүүжээ. Харин хөвгүүдийн олонх нь “будаг нь ханхалсан” гэмээр шинэ подволк өмсөн, бас шинэ пүүз, ботинк жийсэн харагдсан. Авто зам ачаалалтай, түгжрэл ихтэй байснаас автобус удаан явж, хүүхдүүд уйлах нь уйлж, утсаар тоглох нь тоглож, ядарсан нэг нь явган хүртэл суусаар халууцаж, алжаасан хүмүүсийн олонх нь “Ард кинотеатр”-ын автобусны буудалд буулаа. Тэндээс Сүхбаатарын талбай явах зам дагуу мөн л хөл хөдөлгөөн их байв. Урт, богино оосортой бөмбөлөг барин, цаасан шувуу хөөргөж, хөөсөн бөмбөлөг үлээн хийсгэж, эсвэл дугуйт тэшүүр, унадаг дугуй унасан хүүхдүүдийн нүд гэрэлтэн, ээж, аав, эгч, ахтайгаа баярлахаар явцгаана. Манай хотын төв хэсгийн давчуу гудамж, явган хүний нарийн замуудад баяр ёслолын үеэр ийн бужигнан, хүүхэд, хөгшидгүй чихцэлдээд явдаг хэвшмэл төрх.
Сүхбаатарын талбайд өчигдөр иргэд олон байв. Талбайн баруун, зүүн талын авто замын хөдөлгөөнийг хаан, автомашин нэвтрүүлэхгүй байснаар өмнөх жилүүдийнхийг бодвол тэр хавь арай сэлүүхэн болж, явган зорчигчдод таатай нөхцөл үүсгэжээ. Талбайн урд хэсэгт зассан том тайзан дээрх урлагийн тоглолтыг хүмүүс өмнүүр нь эгнүүлсэн сандал, мөн хиймэл зүлгэн дээр сууцгаан үзнэ. Ялангуяа хиймэл зүлгэн дээр алчуур, цаас дэлгэн суугаад, хоол хүнсээ идэцгээж байгаа хүмүүс түр зуур ч атугай тухлаад авъя гэсэн шинжтэй. Талбай руу хоёр охиноо дагуулан ирсэн, Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Баяржаргалан “Хоёр жил гаруй баяр ёслолд оролцоогүй хүүхүүд догдлоод андашгүй байна. Хоёр охин маань ч эрт сэрээд талбай, парк руу явах гэж шамдууллаа. Бид Орбитоос бараг гурван цаг явж байж энд ирсэн. Хүүхдүүдтэйгээ зургаа авхуулж, амттан авч өглөө. Ингэсхийгээд парк орно. Дараалал бага бол тоглоом тоглуулна, үгүй бол түүгээр хэсэг явж байгаад харина даа” хэмээв. Тэгвэл талбайд урлагийн тоглолт үзэж байсан, Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, “Эхийн алдар” I, II зэргийн одонтой Ц.Баасанхүү “Өвгөнтэйгөө хамт хүүхдийн баяр сонирхож явна. Манай хүүхдүүд бага нь 40 нас хүрсэн. Ач, зээ нар ч том болцгоосон учраас өнөөдөр хоёул л ирлээ. Энд зассан тайз сэлт, хүүхдийн тоглоомуудын өнгөлөг, гоёмсог, идэх уух зүйлийн элбэг дэлбэгийг яана. Биднийг залууд, 1970-аад онд хүүхдүүдээ баярлуулах зүйл хомс байлаа. Сумынхаа төв талбай руу таван охин, нэг хүүгээ дагуулаад хүрнэ. Өөрөө оёж өгсөн эрээн даавуун даашинз, өмд, цамцаа тэдэнд өмсгөнө. Хэний ээж хамгийн гоё хувцас урлаж, хүүхдээ гоёсон бэ гэдгийг шалгаруулж, манайхан 1-3 дугаар байр эзэлж байсан. Одоо бол манай улс хөгжиж, хүүхэд багачуудын хувцас хэрэгсэлд санаа зовох зүйлгүй болжээ” хэмээн бор өнгийн, үйтэнхуар тэрлэг нөхөртэйгөө хослуулан өмссөн эмэгтэй хуучлав. Түүний нөхөр 82 настай Ч.Загд гуай “Хүүхдийн баярт оролцон малгайн тоос үргээж явна” гээд инээн, нүдээ ирмэсхийгээд зайрмаг идэж байсан нь хөөрхөн.
Үндэсний соёл, амралтын хүрээлэн өчигдөр хүүхдүүдийн хөлд дарагдав. Бүх тоглоом дээр суух урт дараалал үүссэний зэрэгцээ тасалбар худалдан авахаар зогсож байсан нь ч 30-40 хүнээр хязгаарлагдсангүй. Зайрмаг зарах цэг, хуушуурын асар, түргэн хоолны газрууд ч үйлчлүүлэгч олонтой, урт дараалалтай байлаа. Ер нь 1.5 саяас олон хүн амтай, тэдгээрийн 60 гаруй хувь нь хүүхэд, залуус байдаг Улаанбаатар хотын төв хэсэг, талбай, парк ачааллаа дийлэхээ нэгэнт больжээ. Паркт ялангуяа “галзуу хулгана” дээр суун, огцом эргэлтэд аль байдгаараа орилж буй хүүхдүүдийг бахдангуй ширтэн, ер холдох шинжгүй, дарааллаа алдахгүй зогсон, бүр ч чанга хашхирч буй хүүхдүүдийг харахад их хот доторх бага зай талбай, хязгаарлагдмал орчинд аз жаргалтай байхаар тэмүүлж буй хүүхэд, хүмүүс ямар олон бэ хэмээн бодогдов. Паркт аавтайгаа зугаалж явсан дөрөвдүгээр ангийн сурагч Г.Тэргэлээс хүүхдийн баярын сэтгэгдлийг нь сонирхоход “Аав, бид хоёр пицца идэх гэтэл дараалал ихтэй учраас хүлээж хүлээж болилоо. Тоглоомууд дээр суух дараалал олон байгаа ч алсыг харагчийн хоёр тасалбар авсан. Суух ээлжээ хүлээнгээ зайдас, зайрмаг идэж байна. Мөн аавын албан газраас надад том ууттай бэлэг өгсөн нь таалагдсан. Хүүхдийн баяр бол хамгийн гоё баяр” гэсэн юм.
Парк, Сүхбаатарын талбайгаас гадна “Тэнгис” кинотеатрын зүүн тал, Хүүхдийн ордны урд, Улсын их дэлгүүрийн өмнө гээд хүн суух, амсхийх, хүүхдүүд тоглох боломжтой газар бүрт хөл ихтэй, олны инээх, ярих дуу зэгсэн холоос ч сонсогдоно. Хүмүүс байгаа газарт үйлчилгээ байх нь дамжиггүй. Энд, тэнд төрөл бүрийн үйлчилгээ санал болгож байснаас Сүхбаатарын талбайд загварын, жижиг гэрт хүмүүсийг урин, гар утсаараа зураг авхуулахад 500 төгрөгийн хураамж авч байсан нэгэн орлого арвин олсон байх. Мөн паркийн баруун талын модтой хэсэгт моринд мордох, эвсэл морьтой хэсэг алхуулж зураг даруулахад 3000-5000 төгрөг төлөхдөө ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийнхан татгалзахгүй байна билээ. Үүнээс гадна бүх насны хүүхдийн идэж, ууж, тоглож наадаж байгаа бүхэн хуванцар болон гялгар уутан савлагаа, материалтай юм. Мөн хөөсөн чихэр, зайрмаг, ундаа гээд чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн түлхүү худалдан авдаг нь анхаарууштай санагдсан.
Юутай ч жийп машин дээр унадаг дугуйнууд эрийлгэн ачин, машинаа өнгө, өнгийн бөмбөлөг, туузаар чимэн давхих гэр бүл, төв талбайгаас 9-10 буудлын зайнаас автобусанд суун хүүхдүүдээ дагуулан баярт оролцохоор зүтгэх ээж, аавууд, мөн голын эрэгт гудас дэвсэн, чихэр жимс таваглан өрж буй айлынхан бол хүүхдийн баяр тэмдэглэх монгол өрхийн нийтлэг нэгэн эеврүү төрх. Монголчууд хэзээнээсээ үр хүүхдэдээ хайр нь дотроо хал гаднаа гэгчээр хандаж ирсэн. Тэднээ учиргүй хошуу цорвойн эрхүүлээд байхгүй ч ая тухыг нь бүрдүүлж, нас насанд тохируулан хайрлаж халамжлан, хойч үедээ зөв үлгэр үзүүлэхийг эрмэлзэж ирсэн гэдэгтэй санал нийлдэг. Тэр байдал ч өнөө үед алдагдаагүй, хайр, хүндлэл бялхсан олон гэр бүл амьдарч, аз жаргалд умбасан бүр олон хүүхэд өсөн торниж байгааг өчигдөр олж харлаа.