Ротарийн гишүүд “Өөрөөсөө давж бусдад үйлчилье” уриан дор Монгол Улсад төдийгүй даян дэлхийд энх амгалан, нийгмийн сайн сайхны төлөөх үйлст бизнесийн ололт амжилт, сэтгэл зүрх, мэргэжлийн ур чадвараа зориулдаг байна. Манай улсад ротарийн хөдөлгөөн үүсэж хөгжөөд 25 жил болж буй. Тэгвэо "Хүрээ" ротари клуб 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хүмүүнлэгийн чиглэлээр олон арван төсөл хэрэгжүүлж, багагүй хөрөнгө мөнгө босгож манай улсын эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
Үүнд олон улсын клубүүд болон тэдгээрийн үе үеийн гишүүд идэвхтэй оролцож ирсний дотор БНСУ-ын иргэн Ли Хва Сү, Япон Улсын иргэн Шиндо Нобүпүки нар онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Нийгмийн сайн сайхны төлөө БНСУ, Япон болон Монгол Улсын хооронд эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнаж урамшуулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Салбарын тэргүүний ажилтны тэмдгийг гардуулж талархал илэрхийллээ.