УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэж Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Улмаар яагаад ингэх болсон үндэслэлээ дор бүрнээ тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Сүүлийн жилүүдэд 16 000 хос гэрлэлтээ бүртгүүлж, үүнээс 3391 нь салдаг гэдэг мэдээлэл байна. Жил ирэх тусам салалтын тоо тогтмол нэг хувиар өсөж буй. Нэг гэр бүлийн ард дунджаар 7000 орчим хүүхэд асуудалд ордог. Хүүхэдтэй холбоотой хамгийн эмзэг асуудал бол тэтгэмжийн хувь хэмжээ, үүний авч чадаж байна уу гэх асуудал. Бид гэр бүл салалтаас болж олон эмэгтэй, хүүхэд хохирч байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нийлээд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Төсөлд хүүхдийн тэтгэмж эцэг, эхийн орлогын 50-иас доошгүй хувь байх, данснаас нь шууд суутгахаар зохицуулалт оруулна. Хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол тэтгэмжийн хувийг нэмье.
М.Оюунчимэг: Гэр бүл салалт өндөр хувьд ирлээ. Улмаар салж буй хосууд залуужиж байна. Гэр бүлийн тухай хуулийн төслийг батлалгүй 3-4 парламент дамжлаа. ХНХЯ-наас уг хуулийн төслийг овоо урагшлуулж байтал, шүүхийн асуудал ихтэй гээд ХЗДХЯ авсан. Одоо цаг алдалгүй хуулийн төслийг батлах ёстой. Хэрвээ цаг хугацаа болохгүй бол уг хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлнэ
С.Одонтуяа: Монголоос бусад оронд Гэр бүлийн хуулиар салалтыг багасгадаг. Манай оронд салалтын улмаас эмэгтэйчүүд, хүүхдүүд хохироод байна. Бусад оронд аавууд тэтгэлгээ хугацаанд нь төлдөг. Мөн өвдвөл нэмэлт зардал гаргадаг. Гэтэл монголд хүүхдүүдийн 80 хувь хохирч байна. Бидний санаачилсан хууль гэр бүл салалтыг багасгана.
Д.Сарангэрэл: Төрсөн үрдээ мөнгө өгөхгүй луу унжиж байгаа учраас хууль санаачлахаас өөр арга байсангүй. ШШГЕГ-аас 13 000 гаруй эцэг хүүхдийн мөнгө төлөхөөс татгалзаж, 4150 нь дуртай дургүй төлдөг. Аавууд хүүхдэдээ эмийн мөнгө өгөхгүй байна. Ийм нөхцөлд аав ч бай, ээж ч бай, картнаас нь үл маргах журмаар эмчилгээний зардал гаргуулах ёстой. Үүнд нийгмийн шалтгаан нөлөөлж байна.
Уг хуулийг анх 1973 онд баталж байсан. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 1999 онд шинэчлэн найруулж байжээ. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд долоон удаа өөрчлөлт оруулсан. Гэхдээ бусад хуулийг дагалдуулж бага зэрэг өөрчлөлт оруулсан аж. Өдгөө 11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж сард тогтоогддог. Энэ мөнгөөр хүүхдээ хооллож, эрүүл мэнд, боловсролд нь анхаарах боломжгүй юм.
Тиймээс
- Тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан орлогынх нь 50-аас доошгүй хувьд нь уялдуулах,
- Хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилуулаад энэ зардлыг тэтгэмж төлөгчтэй нь хамтран төлүүлэх,
- Тогтоосон тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ.