Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны тавдугаар сарын 18-ны 118 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 37 нэр дэвшигчийг бүртгэж, эхний шатны шалгалт болох хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 28-30 өдрүүдэд зохион байгуулжээ. Шалгалт эхлэхээс өмнө системд бүртгүүлэх үйлдлийг хийгээгүй хоёр хуульчийн бүртгэлийг хүчингүй болгосон аж. Ийнхүү нийт бүртгэгдсэн 35 хуульчаас эхний шатны шалгалтад 27 хуульч орсон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өмнө нь шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, үнэлгээ нь 2 жилийн хугацаанд хүчинтэй байгаа долоон нэр дэвшигч уг үнэлгээгээр эрэмбэлэгдэх хүсэлтэй тул шалгалтад ороогүй байна. Бүртгэгдсэн ч шалгалтдаа ирээгүй нэг хуульч байна.
Мэдлэг ур чадварын 70 онооны шалгалтад 50 буюу түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчид сүүлийн шатны мэргэшил, ур чадвар, ёс зүйн 30 онооны шалгалтад орох эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг баталж, дараагийн үе шатны шалгалтад оролцох нэр дэвшигчийг тодруулахад нэг нэр дэвшигч тэнцлээ.