УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн төслийн талаар ярилцжээ. УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар УИХ 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Үүний дагуу УИХ долдугаар сарын 8 хүртэл хуралдах төлөвтэй байгаа аж. Үлдсэн хугацаанд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэнээ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ онцлов. Тухайлбал, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг батлах нь зөв гэдэгт санал нэгджээ.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг ирэх сарын 20 гэхэд батлах шаардлагатайг тодотголоо. Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг нэгтгэж батлахаа хэлэв. Цаашлаад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн, Зөвшөөрлийн, Банк бус санхүүгийн байгууллагын болон Далай ашиглах, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ч нэрлэлээ.
У.НАРАН